БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Ерөнхий сайд Н.Учрал Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 онд багтаан ашиглалтад оруулах үүрэг өгчээ

Г.Оюунтуяа
2026/08/10

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын талбайд өнөөдөр /2026.08.10/ ажиллаж байна.

Үйлдвэрийг 2028 онд багтаан ашиглалтад оруулах, түүхий эдийн хангамжийг баталгаажуулах, төслийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах зорилгоор албаныханд үүрэг өглөө.

Ерөнхий сайд Н.Учралын тэргүүлсэн Засгийн газар эхний 100 хоногтоо 20 хувийн гүйцэтгэлтэй хоёр жил гацсан Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг гацаанаас гаргасан. Үр дүнд нь  бүтээн байгуулалт 60 гаруй хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. 

Тухайлбал, түүхий тос, завсрын болон эцсийн бүтээгдэхүүн хадгалах нийт 276,430 метр.куб багтаамжтай агуулах савнууд барьж байна. 

Үйлдвэрт нийт 263 км ил шугам хоолой, 26 км далд шугам хоолой байх бөгөөд эдгээрээс 190 км шугам хоолойн материалыг татан авч, гагнаж угсран суурилуулж байна. 

Үйлдвэрийн хамгийн чухалд тооцогдох эх байгууламжууд болох БНЭУ-д үйлдвэрлэсэн "Атмосферийн нэрлэгийн цамхаг"-ийг 2026 оны тавдугаар сард, "Вакуум нэрлэгийн цамхаг"-уудыг долоодугаар сард үйлдвэрийн талбайд амжилттай тээвэрлэн авчирч, угсралтын ажил явагдаж байна. 

Үйлдвэрийг түүхий эдээр тасралтгүй хангах 527 км газрын тос дамжуулах хоолой барьж байгуулах ажил 90 гаруй хувийн хэрэгжилттэй, дуусах гэж байна. Дорнод аймгийн Матад суман дахь газрын тосны 19 дүгээр талбайгаас Дорноговь аймгийн Алтанширээ суман дахь үйлдвэрийн талбай хүртэлх уг дамжуулах хоолой нь Монгол Улсын хувьд газрын тосыг хол замд тээвэрлэх анхны магистраль шугам хоолой болжээ.  

Ерөнхий сайд Н.Учрал хэлсэн үгэндээ, төсөл нэлээд их саад бэрхшээл туулсан. Хоёр тал төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх өндөр түвшний хамтарсан ажлын хэсэг байгуулахаар тохиролцсон нь бүтээн байгуулалтад чухал түлхэц болно гэж үзэж байна. 

Дуусдаггүй олон яриа дуусаагүй үлдсэн байсан. Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалт санхүүжилт, эрх зүйн асуудлаас шалтгаалан 2 жил орчим гацсан байсан. Манай Засгийн газар байгуулагдаад гацаа арилж, одоо энэ талбай дээр 4500 инженер техникийн ажилтан гурван ээлжээр, 24 цаг тасралтгүй ажиллаж байна. Тоног төхөөрөмжийн угсралт бүрэн эхэлсэн. Алдсан хоёр жилийн хугацаагаа нөхөж, бүтээн байгуулалтаа дуусгая хэмээв. 
"Монгол газрын тос боловсруулах үйлдвэр" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал  Д.Алтанцэцэг хуримтлагдсан шийдэрлүүлэх асуудлуудаа Ерөнхий сайдад уламжлав.

Саад бэрхшээлийг шуурхай шийдвэрлэх хүрээнд Ерөнхий сайд онцгой хяналт тавьж, энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд асуудлыг шийдвэрлэхээ хэлэв.  Холбогдох албаныханд дараах үүрэг өгөв. 

Үүнд: 

-Үйлдвэрийн санхүүгийн дарамтыг бууруулах, Аж үйлдвэрийн парк болгохыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Сангийн сайд З.Мэндсайхан, “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай нарт, 

-Түүхий тосны хайгуулыг эрчимжүүлэхийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга П.Баянбаатар, Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал нарт,

-Барилгын материалын хангамжийг шийдвэрлэхийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга П.Баянбаатар, Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал нарт,

-Зураг төслийн магадлалыг шуурхайлахыг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирал Д.Мөнхбаатар нарт,

-Эрчим хүчний найдвартай хангамжийг бүрдүүлэхийг Эрчим хүчний сайд Б.Найдалаад,

-Нарийн мэргэшсэн инженер, боловсон хүчний бэлтгэл хангахыг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай, Боловсролын сайд Л.Энх-Амгалан нарт,  

-Хотхон, дэд бүтцийн санхүүжилтийг шийдвэрлэхийг Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл, Гүйцэтгэх захирал С.Баатарсүрэн нарт, 

-Төслийн компаниудад олгох зээлийн нөхцөлийг шинэчлэхийг Сангийн сайд З. Мэндсайхан, “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалайд, 

-Дамжуулах хоолойн санхүүжилттэй холбоотой нүүрсний тээврийг тасалдуулахгүй байхыг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж нарт тус, тус үүрэг болгов.  

Газрын тос боловсруулах үйлдвэр нь Монгол Улсын Засгийн газар, БНЭУ-ын Засгийн газрын хооронд байгуулсан 1.7 тэрбум ам.долларын Зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж байна.

Үйлдвэр жилд 1.5 сая тонн түүхий тос боловсруулж, 824 мян.тн дизель, АИ95 бензин 396 мян.тн, онгоцны түлш 80 мян.тн, зуухны түлш 17 мян.тн, шингэрүүлсэн шатдаг хий 27 мян.тн үйлдвэрлэх юм. Үйлдвэр ашиглалтад орсноор, Монгол Улс газрын тосны хэрэгцээний 55 орчим хувиа дотооддоо хангана. 

Үйлдвэрийн гадна талбайн болон дотоод дэд бүтцийн ажил дууссан. 550 ажилтны орон сууцны бүтээн байгуулалтын эхний шат дууссан. 135 айлын орон сууц болон оффис-үйлчилгээний төв ашиглалтад оржээ. Харин 35МВт ДЦС, 5МВт “Ширээт” дэд станцын санхүүжилтийг Засгийн газар шийдвэрлэснээр ажил эхэлсэн. Үйлдвэрийн төсөл бүрэн дууссанаар 850-900 ажлын байр шинээр бий болох юм. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Г.Отгонтуяа: Охины минь төлөө хамтдаа залбирч, шударга ёс биелэхийг ерөөж өгөөрэй 28 минутын өмнө
Сурагчид энэ 7 хоногт хичээллээд амарна 45 минутын өмнө
ТҮЙМРИЙН ХОХИРЛЫГ БҮРЭН ТОГТООХОД НИСДЭГ ТЭРЭГ АШИГЛАХ АСУУДЛЫГ СУДАЛЖ БАЙНА 1 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэж, тусламж үйлчилгээг шуурхай, хүнд сурталгүй хүргэнэ 2 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: "Баялагтаа эзэн монгол" ТББ-аас мэдээлэл хийнэ 2 цагийн өмнө
ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХАМРАГДАЛТ 69.4 ХУВЬД ХҮРЛЭЭ Өчигдөр
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо 2026/10/23
Э.БАТШУГАР: ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧИЛЖ, ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА 2026/10/23
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ 2026/10/23
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа 2026/10/23
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо 2026/10/23
УЛСЫН ХЭМЖЭЭНД 5 ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/23
Оюутолгойн ногдол ашгийг 2 их наядыг төсөл, арга хэмжээнд зарцуулах саналыг буцаан татлаа 2026/10/23
Сурагчид ирэх 7 хоногт хичээллээд амарна 2026/10/23
ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/23
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа 2026/10/23
ҮЙЛ ЯВДАЛ: “Монгол Улс ба НҮБ” сэдэвт хэлэлцүүлэг болно 2026/10/23
Х.Нямбаатар: Учрал хүү урдах ажлаа хийж гавихгүй юм, харин намайг намнах ажилдаа гарамгай юм 2026/10/22
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ 2026/10/22
БОГДХАН УУЛАНД ГАРСАН ГАЛ ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/10/22