Б.Сумъяа: Шүгэл биш Бүрээ үлээвэл ямар вэ, тамирчдын нэрийг барьж улсаас зардал батлуулж авчаад чамд гаргах зардал байхгүй, чи өөрөө ол гэдэг!!!
Чинбатын Ундрам Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаа Милан-Кортина 2026 Өвлийн олимпын наадам хаяанд ирлээ, энэ бүхнийг нэг хараад, хяналт тавиад өгөөч гуйж байна.
Намайг Буянтогтохын Сумъяа гэдэг! Зарим нэг нь нөгөө тэшүүрчин Сумъяа гэж мэдэх байх… Өөрийнхөө талаар эхлээд жаахан тодорхой мэдээлэл өгөөд цаашлая.
Тэшүүр хөлөглөн гулгаж эхэлсэн цагаасаа би олимпын наадамд оролцож, аварга болох хүсэл мөрөөдөлтэй, түүндээ хөтлөгдөн 11 жил олимпын наадмыг мөрөөдөж, өөрт байх нөөц, чадлаараа бүхнээ золиослоод хичээсэн. Даанч сансанаар болдоггүй хорвоо хойно их л зүйлийг туулж хайртай зүйлээ үзэн ядалт дүүрэн орхиход хүрсэн.
Нэг ч удаа хүнд худал хэлж, хууран мэхлэж, хов жив хөөлгүй би л сайн хичээвэл болно, бүтнэ гээд дуугай л хичээж суусан гэхдээ бас ч дүлий дүм суугаагүй хэлэх гэснээ хэлээд их ч доромжлуулж, дарамтлуулсан. Тухайн үед буюу 2018 онд олимпын наадамд олон тооны дарга нар дагалдаж явдаг мөртлөө яагаад тамирчдаа мөнгө байхгүй гээд бэлтгэл хийх нөхцөл боломжоор хангахгүй байгаа тухай асуудлыг хөндөж, үнэн бодит болсон зүйлсийг хэлж ярьсан боловч ТЭШҮҮРИЙН ХОЛБООНООС САНААТАЙГААР НАМАЙГ түмний нүдэнд худалч мэт харагдуулж, холбооноос албаар миний муу уралдсан бичлэгийг баахан групп дээр хуурамч хаягнаас шейрлэж, коммэнт бичиж намайг биеэ үнэлэгч, хар нялхаараа мөнгө шиншилсэн, бөгсөө чирсэн бүдүүн… гэх мэт хачин жигтэй үгсээр өчнөөн л хараасандаа..
Би тэр үед өөрийгөө муу уралдахыг мэдэж л байсан, нэгэнт ямар ч тэмцээний эрх хийгээгүй явахгүй гэдэг нь тодорхой болсон хойно гээд шантарчихсан байсан үе. Тэмцээнд орохгүй, гулгахгүй гэсэн ч багийн дүн чухал гээд уралдахаас өөр сонголт байгаагүй яахав ээ миний буруу. Би одоо ч тэр үед шантарсан өөртөө гоморхдог. Дэндүү жаахан байсан, гэхдээ бас өөрийгөө бодохоор жаахан өрөвдөөд байдаг юм… Арай жаахан том байсан бол, сэтгэл зүйн талаар мэдлэгтэй байсан бол тэр үед тэгж их шантрахгүй байсан байх гээд…
Би хэнд ч өргүй атлаа бүхний өмнө ганцаараа буруутай, өртэй юм шиг 4 жил шаналж амьдарсан. Эргэн тойрноосоо тэшүүр, спорттой холбоотой бүх зүйлсийг алга болговол тэр их зовлон намайг орхих юм шиг санагдаад бүх дотны хүмүүсээсээ холбоогоо тасалсан. Огт харилцаагүй. Усанд хаясан чулуу шиг чимээгүй алга болохыг, хүмүүс намайг мартахыг л хүсэж байсан. Тэр 4 жил надад 40 жилийн там шиг л өнгөрсөн. Тэр хугацаанд над руу сэтгүүлч нар их холбогдсон, Заа сайн уу аварга? Хаана юу хийж байна, яаж байна гээд л тэр бүхэн хүртэл дэндүү дарамттай байсан.
Тухайн үед хэдхэн сонин, сэтгүүл, телевизд ярилцлага өгөөд л орхисон. Шүүхэд өгөөд дийлээгүй болохоор орхисон хэрэг. Гэхдээ одоо л хэлж, ярьж, дугарахгүй бол бүхэл бүтэн 10 жил миний, бидний, таны үр хүүхдийн, бүр Монгол Улсын боломжийг хулгайлж байна.
Г.Отгонцэцэг эгчийн Залуучуудын Азийн аваргын талаар пост хараад ер нь яасан юм бол гээд БТСУХ-ны шилэн дансны мэдээллийг ухаж үзсэн юм. Нэгэнт л өөрөө хичээллэхгүй болсон болохоор одоо Тэшүүрийн холбооны ажил хэр зэрэг яажшуухан явааг үнэндээ нарийн ширийн мэдэх юм байхгүй ч гадарлахтайгаа байгаа юм.
Монголын тэшүүрийн холбооны үндэсний шигшээ баг одоогоор 4 тамирчин (ганцхан эмэгтэй тамирчинтай), 1 дасгалжуулагч гээд нийт 5 хүний бүрэлдэхүүнтэй байна. Милан-Кортина Өвлийн олимпын наадам юу юугүй хаяанд ирсэн, ердөө 93хан өдөр үлдсэн. Гэвч Холбоо болон Улсын хорооноос өвлийн олимпын наадмын эрх авах, оролцох зорилгоор яг ямар арга хэмжээ авч ажиллав?
БТСУХ-оос Монголын Тэшүүрийн холбоо руу
1. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох зардал 3 дугаар сард- 9,332,360төг (4 хүн)
2. БНСУ-д хамтарсан бэлтгэлд оролцох 4-р сарын 25-аас 6-р сарын 23-ны өдрүүдэд- 72,025,182төг (5 хүн)
3. БНСУ-д хамтарсан бэлтгэлд оролцох 8-р сарын 03-аас 9-р сарын 30-ны өдрүүдэд- 72,207,274төг (3 хүн)
4. Канад Дэлхийн цомын тэмцээнд оролцох 10-р сард -45,539,342 төг (3 хүн)
5. Польш Дэлхийн цомын тэмцээнд оролцох 11-р сард -58, 467,725 төг (3 хүн)
НИЙТ- 257,571,883 төгрөг шилжүүлсэн байна. Энэ бүхэн шилэн дасны мэдээлэл дээр тухайн зардлын тушаалтайгаа байгаа болно.
Энгийн нэгийг нь дурдахад ганц эмэгтэй тамирчнаа 9 дүгээр сарын 11-ний өдөр Монгол буцаасан байгаа юм, яагаад гэсэн одоо мөнгө байхгүй, цаашдын тэмцээний зардал гаргах боломжгүй, шигшээ баг гаргахгүй гэсэн байгаа юм. Одоо нөгөөх маань байдгаа барж идээд европд ганцаараа явж байгаа, Дэлхийн цомын эрхээ л хийчих санаатай ч үнэхээр мөнгөгүй болчихлоо гээд буцах гэж байдаг тэгтэл 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл гээд тушаал гаргаад байр, хоол, мөсний төлбөр гээд бүх төлбөрөө холбооны дансандаа шилжүүлээд авчихсан. Дэлхийн цомын эрх хийгээгүй байхад Дэлхийн цомд оролцоно гээд тамирчныхаа нэрийг бариад 10, 11 дүгээр сард зардлын тушаал батлуулаад мөнгөө холбооны дансандаа авчихсан байгаа юм.
Яагаад Дэлхийн цомын тэмцээний эрх хийгээгүй байхад эрх хийсэн мэтээр холбооны дансандаа мөнгө авсаныг ойлгохгүй байна. Дэлхийн цомын тэмцээний эрхийн төлөө оролцох тэмцээний зардлуудаа авч тамирчдаа дэмждэггүй юм уу? Хүний нялх охиныг өөрөө мөнгөө олоод яв гээд хаячихдаг. Тэр хүүхэд эгчээ би ууг нь 2хон доль дутсан, их ойрхон байгаа юм ууг нь Дэлхийн цомоос 7 хоногийн өмнө цагаа биелүүлэхэд оролцох боломжтой даанч мөнгөгүй одоо буцах болчихлоо гээд ярьж байна шүү дээ. Эрвийх дэрвийхээрээ хичээгээд ганцаараа уралдаад явж байна. 40 хоног байгаа хэдэн төгрөгтөө тааруулж гадуур, дотуур хоног төөрүүлж байгаа хүүхэд яаж нөхөн сэргэлтээ авч сайн уралдах юм бээ??? Эхлээд нөхцөл боломжоор хангаад өгөөөч
Аа бас нэг юм нь би өмнө нь Airbnb pre-order хавсаргаад мөнгөө авсан гэж байсан даа 8-9 дүгээр сарын БНСУ-д хийсэн бэлтгэл дээр зөвхөн 3 хүний байрны төлбөр 59 хоногоор тооцоод 24,699,042 төгрөг авсан байгаа юм. Гэхдээ манай 3 солонгос дасгалжуулагчийн гэрт амьдарсан. Одоо ингээд ойлгомжтой бизээ... Эдгээр зардлын тушаалд хэн хяналт тавьж, яаж буцаад холбоо нь тайлагнадаг юм? Нэг л их нэгэндээ хяналт тавьж ажиллахыг тушаасан, үүрэг болгосон улс. Энэ зөвхөн шигшээ багийн хэдхэн тамирчинд олгосон зардал шүү бусад өөр зардлууд бас байгаа.
Яагаад ингээд тамирчдын нэрийг барьж Улсаас зардал батлуулж авчаад чамд гаргах зардал байхгүй, чи өөрөө олоод Дэлхийн цомын эрхээ хий гэж байгаа юм бээ??? Энд хэн хариуцлага хүлээх юм??? Яг хэн хяналт, шалгалт хийх юм, би зүгээр л хөндлөнгөөс шилэн данс ухаад гаргаад ирлээ. Үнэндээ гомдмоор, гол харламаар юм. Энэ хэдэн тамирчид үнэндээ бор зүрхээрээ Олимпын наадамд оролцоод үзэх юмсан, Монгол Улсаа төлөөлөөд уралдах юмсан гэсэндээ л хичээж байгаа шүү дээ. 8, 9 жилийн өмнө хэлж байсан шалтаг бүгд хэвээрээ, улам л дорднуу гэхээс өөдөлсөн, сайжарсан зүйл нэг ч алга.
Шигшээ багийн дасгалжуулагчийн сонгон шалгаруулалт гэж ярих ч юм биш… Хүний бэлдсэн хүүхдүүд булааж аваад хамаг мөнгийг нь хуу хамаад идчихдэг, тэгээд хэлдэг шалтгаан нь мөнгө байхгүй. Одоо болох биш үү, 5 5дахгүй, 10 10 дахгүй шүүдээ 1 сая төгрөг ч гэсэн гадаад улсад тэмцээнд оролцох тамирчин хүнд их мөнгө. Гэтэл ингээд тушаал гаргаад мөнгө идээд байдаг. Д.Болормаа, Б.Бат-Оргил, Ц.Нарангэрэл, Э.Билэгт, О.Баттулга, Н.Батсүх, Б.Оюунцэцэг нараа та нар яг ямар ажил хийж гийгүүлээд байгаагаа тайлагнаад өгөөч!!!!! Энэ зөвхөн Тэшүүрийн спорт, өөр бусад холбоод ч ялгаагүй.
Төсвийн мөнгө уйлдаггүй гээд үү эсвэл тамирчин, дасгалжуулагчдаа доромжлоод байгаа нь энэ үү. Би бүх хүмүүсийг уриалмаар байна. Төрд байгаа хүмүүс төсвийн мөнгө идлээ уулаа спорт л ард түмнийг баясгаж байна гэдэг гэтэл хаа байна??? Та бүхний үзэж, баясаж, бахдаж, баярладаг спортын салбар чинь үнэн хэрэгтээ ийм байна. Ийм байхад хэдэн муу тамирчин, дасгалжуулагчдаа амжилт олж ирсэнгүй гэж нүд үзүүрлэсээр байх уу???
Миний нэр дурдсан хэдэн хүн дээр нэмэгдээд хэдэн албан тушаалтнууд зүгээр л та бид бүхнийг доромжилж байна. Энэ бүхнийг мэдэхгүй гээд энэ бузар булайгаа хийсээр л байна. Нэгдээд тэмцээд өгөөч гуйж байна! Спортын төлөө бүхнээ зориулж байгаа хэдхэн цөөхөн хамт олноо битгий дахиж золиослооч гуйж байна. Тэдний гаргасан хүч хөдөлмөр, дусал хөлс бүхэн дэндүү үнэ цэнтэй. Энэ бүх эрх мэдэл, ашиг сонирхол, хэрүүл тэмцэлийн хамгийн сүүлийн золиос БИ байя!