З.Энхболд, О.Магнай нарыг яллагдагчаар татаж, шүүхэд шилжүүллээ

info@focus.mn
2023/11/13

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 11 дүгээр сарын 06-наас 10-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 32.302, мөрдөн байцаалтын 3603 хэрэгт хяналт тавьж, нийт 263 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.    

Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 123, Өмчлөх эрхийн эсрэг 70, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 25, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 14, Хүрээлэн байгаа орчны эсрэг 10, Авлига, албан тушаалын 8, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах, Хүний амьд явах эрхийн эсрэг тус бүр 4, Мөнгө угаах 3 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.


Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

- Нийслэлийн прокурорын газраас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны дарга, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргаар тус тус ажиллаж О.М нарын албан тушаалтнууд бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон, их хэмжээний хохирол учруулсан гэх 11 хүнд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 13.5 дугаар зүйлийн 3.1 /Заналхийлэх/, 17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/, 21.2 дугаар зүйлийн 1 /Худал мэдүүлэх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

- Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын харьяа Зорчигчийн вагон депогийн ерөнхий инженер Х.З нь “Ц” ХХК-тай ажил, үйлчилгээний гэрээ байгуулсны хариуд бусдаас хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

- УИХ-ын гишүүн Б.Э, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Э нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

- Архангай аймгийн Засаг дарга Ц.М, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Ө нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах/, 11.4 дүгээр зүйлийн 1 /Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах/, 22.1 дүгээр зүйлийн 2, 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

- Өвөрхангай аймгийн прокурорын газраас тус аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн мэргэжилтэн Т.Б нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тэтгэмжийн мөнгөн хөрөнгөөс өөрийн болон бусдын данс руу шилжүүлэг хийж, өөртөө давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

- Дархан-Уул аймгийн прокурорын газраас тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Д нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хэрэгт битүүмжилсэн эд зүйлийг эзэмшигчид буцаан олгож, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

- Баянгол дүүргийн прокурорын газраас иргэн Х.Г нь байлдааны зориулалттай галт зэвсгийг хууль бусаар хадгалсан, бусдад борлуулахыг завдсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 20.4 дүгээр зүйлийн 1 /Галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмших/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна