Томуу, томуу төст өвчний дэгдэлт болон хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор бага насны хүүхдээ асарч байгаа эцэг, эх, асран хамгаалагчдад цалинтай чөлөө олгох, эсвэл зайнаас ажиллуулах арга хэмжээ авна.
Тодруулбал, энэ сарын 1-нээс ирэх оны гуравдугаар сар хүртэл зургаа хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт болон гэрээр асарч байгаа эцэг, эх, асран хамгаалагчдад ажлын тав хүртэлх өдрийн цалинтай чөлөө олгох, эсвэл цахимаар ажиллуулахыг Засгийн газраас төсвийн байгууллагын дарга, захирал нарт даалгажээ.
Мөн хувийн хэвшил болон төрийн бус байгууллагын ажил олгогчдыг дээрх арга хэмжээг хэрэгжүүлэхийг уриалсан байна.
Энэхүү арга хэмжээ нь томуугийн улиралд өвдсөн хүүхдийг гэрт нь асрах боломж бүрдүүлэх, өвчний хүндрэлээс сэргийлэх, халдварын тархалтыг бууруулах зорилготой юм.