БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

УИХ-ын гишүүн М.Ганхүлэг: Монгол адууны удмын сан, генетик нөөцийг хамгаалах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ

С.Жамъяаннацаг
2025/06/20

Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2025 оны 13 дугаар тогтоолоор Малын генетик нөөцийн тухай хуулийн биелэлтэд хяналт шалгалт хийх, монгол үүлдэр, омгийн адууны удмын санг хамгаалах асуудлыг судалж санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэгээр ахлуулан байгуулсан юм. Тус ажлын хэсэг омгийн адууны удмын санг хамгаалах асуудлыг судалж УИХ-ын тогтоолын төслийг боловсруулжээ. Энэ талаар ажлын хэсгийн ахлагч М.Ганхүлэгээс тодрууллаа.

-Монгол адууны генетик нөөцийг хамгаалахад тулгамдаж буй ямар асуудал байна вэ?

-Малын генетик нөөцийг судлах, Монгол адууны удмын санг хамгаалах нь зөвхөн мал аж ахуйн салбарын

асуудал биш. Энэ бол нүүдэлчин өв соёлын дархлаа, биологийн олон янз байдлын үндэсний бодлогын нэг чухал хэсэг юм. Сүүлийн жилүүдэд гадаад улсаас авчирсан адууны тоо толгой нэмэгдэж, монгол үүлдрийн адууны генетикийн тогтвортой байдалд эрсдэл үүсч байна. 2024 оны жилийн эцсийн мал тооллогоор нийт 4.6 сая адуу тоологдсон байна. Үүний  5200 гаруй нь импортоор авчирсан цэвэр үүлдрийн үржлийн адуу байна. Эдгээр адууны 1, 2 дугаар үеийн эрлийзжүүлэлт нь нийт адууны 5.6 хувь, монгол үүлдрийн адууны 13.7 хувийг эзэлж байна. Нийт адууны 30.8 хувьд ашиг шимийн чиглэл тодорхойгүй байгаа нь шинжлэх ухаанд суурилсан бодлого дутагдаж буйг илтгэж байгаа юм. Иймээс монгол малын генетик нөөцийг хамгаалах, ашиглалтын тогтвортой байдлыг хангах чиглэлд ажиллах шаардлага бий болсон.

-Ажлын хэсэг ямар бүрэлдэхүүнтэй ажилласан бол?
-Орон нутгийн малчдын зүгээс монгол адууны үүлдэр угсаа, генетик нөөцийн доройтолд санаа зовниж, төрөөс бодлогоор анхаарахыг хүсэж байсан. Тэрхүү хүсэлтийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд танилцуулж, ажлын хэсэг байгуулах санал гаргаснаар миний бие ахалж, Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн, С.Замира, У.Отгонбаяр, С.Ганбаатар нарын гишүүдтэй хамтран ажиллалаа.

-Шийдвэрийн төслийг ямар судалгаанд үндэслэн боловсруулсан бол?
-“Малын генетик нөөцийн тухай” хуулийн хэрэгжилтэд 2024 онд хийсэн үр дагаврын үнэлгээг нэгтгэхэд 44 хэм хэмжээний актаас 29 нь хэрэгжиж, үлдсэн нь хэрэгжээгүйг тогтоосон. Мал тооллогын дүн, адууны генетик үнэлгээний үр дүнд тулгуурлан импортын адууны эзлэх хувь, эрлийзийн нөлөөлөл, ашиг шимийн чиглэлийн тодорхойгүй байдлын шалтгааныг судалсан. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Малын генетик нөөцийн үндэсний төв, ШУТИС, ХААИС, мэргэжлийн холбоодын албан ёсны мэдээлэл, дүн шинжилгээг судалсан. Генетик нөөцийн чиглэлээр мэргэшсэн судлаачид, эрдэмтэн, мал үржүүлгийн холбоодын төлөөллийг оролцуулсан дэд ажлын хэсэг байгуулж, санал дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулсан. Үүний үндсэн дээр Малын генетик нөөцийг хамгаалах талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулаад байна.

-УИХ-ын тогтоолын төсөлд туссан үндсэн зорилт, арга хэмжээг тодруулбал?
-Монгол адууны удмын сан, генетик нөөцийн хамгаалалттай холбоотой судалгаа шинжилгээ, бүртгэл тэмдэглэгээ, импортын хяналт, бодлогын үнэлгээ хийх үндсэн чиглэл бүхий шийдвэр, арга хэмжээг хэрэгжүүлэх төр, хувийн хэвшлийн хамтарсан тогтолцоог бүрдүүлэхээр тусгасан.

-Тогтоол хэрэгжсэнээр гарах үр дүнг хэрхэн харж байна вэ?
 -Үндсэн хуульд “мал сүрэг төрийн хамгаалалтад байна” гэж заасан байдаг. Үүнийг үг төдий бус, үйлдлээр баталгаажуулж, хойч үедээ өвлүүлэх соёл, уламжлал, тусгаар тогтнолын дархлаа гэж үзэх нь зүйтэй. Тогтоол хэрэгжсэнээр монгол адууны удам угсааг хамгаалах төрийн бодлогын эхлэл тавигдаж, бодит өөрчлөлт гарна гэж үзэж байна. Тодруулбал, төрийн бодлого албан ёсоор тодорхой болж, эрлийзжүүлэлтийн эрсдэл буурч, импортын хяналт хуульчлагдаж, үржлийн бодлого шинжлэх ухаанд суурилсан судалгаанд тулгуурлах болно. Монгол адууны экспортын болон үндэсний үнэлэмж нэмэгдэж, малчдын оролцоо, хариуцлага, хяналт дээшилнэ.

-Тогтоолын төслийг Улсын Их Хуралд хэзээ өргөн мэдүүлэх вэ?
-Монгол адууны удмын сан, генетик нөөцийг хамгаалах асуудлаар боловсруулсан Улсын Их Хурлын тогтоолын төслийг ирэх мягмар гарагт (2025.06.24) Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд танилцуулж, пүрэв гарагт (2025.06.26) Улсын Их Хуралд өргөн барихаар товлосон. Төслийг өргөн барихтай зэрэгцэн ажлын хэсгийн дүгнэлт, шинжлэх ухааны үндэслэл бүхий танилцуулга материал, тоон судалгаа, эрсдэлийн үнэлгээг хавсаргаж Улсын Их Хуралд хэлэлцүүлнэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт 10 цагийн өмнө
Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төсөл өргөн барилаа 12 цагийн өмнө
Ихэнх нутгаар эрс хүйтрэхийг анхааруулж байна 17 цагийн өмнө
ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАЖ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ 17 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Өсвөрийн аврагч-2026” улсын уралдаан болно 19 цагийн өмнө
17 жил үргэлжилж буй “Янжинхорлоогийн” хэргийг шүүх хурал дахин хойшиллоо Өчигдөр
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна Өчигдөр
ЦEГ: Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчиллаа Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ, ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Өчигдөр
Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ Өчигдөр
Имарт ногоон ирээдүйн төлөө мод тарих үйл ажиллагаа зохион байгууллаа Өчигдөр
АРХАНГАЙ АЙМАГТ ЦАГДААГИЙН ШИНЭ БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО Өчигдөр
ХҮРЭН БААВГАЙТАЙ ХОЛБООТОЙ 62 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДСЭН БАЙНА Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав Өчигдөр
Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна Өчигдөр
Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв 2026/10/12
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА 2026/10/12
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа 2026/10/12
УИХ-ын дарга С.Бямбацогт гэр хорооллын өрхүүдэд зориулсан "Дулаанбаатар" аяны үр дүнтэй танилцлаа 2026/10/12