БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Хөвсгөл нуурын лусыг тахих төрийн тахилгын ёслол боллоо

Г.Оюунтуяа
2026/08/03

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн зуны адаг Хөхөгчин хонь сарын арван есөн буюу 2026 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Хөвсгөл нуурын лусыг тахих төрийн тахилгын ёслол Чөчү хайрхны тахилгат овоонд боллоо.

Тахилгад Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийг төлөөлөн оролцлоо. 

Тахилгын өмнөх орой Хөвсгөл аймгийн Мөрөнгийн хүрээ Гандандаржайлин хийдийн лам нар Итгэл, Санжаанамсиг, Зүгдор, Тамжаджав, Хорвоонжиг, Сэртүв, Одсүрэн, Шагжтүв болон Долоон бурхан од тус бүрт тахилгын ном хурлаа.

Тахилгын өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх төрийн бэлгэдлийг илэрхийлж, хүндэт харуулын цэргүүдээр хамгаалуулан тахилга үйлдэх талбайд хүрэлцэн ирлээ.

Дараа нь Монгол Улсын Төрийн далбаа, Бүх цэргийн Их хар сүлдний Умарын элч сүлд, Хөвсгөл аймгийн туг, Эзэн Богд Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг тахилын ширээнээ залж байрлууллаа.

Лам, хуврагууд ном уншиж, дун, хэнгэрэг зэрэг хөгжим эгшиглүүлэн овооны эздийг урин залах зан үйл үйлдлээ. Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын бүжигчид лусыг баясгаж хатдын бүжиг бүжиглэв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх монголчуудын мянга мянган жилийн түүхтэй уул овоо, ус мөрний тахилга бол эх дэлхий, элгэн нутгаа хайрлан хамгаалах үзэл санаа, үүрэг, хариуцлага бөгөөд улсын үндэс болсон газар нутгаа тамгалан тогтоож, өв соёл, үүх түүх, зан заншлаа ирээдүй хойчдоо өвлүүлэн уламжлуулах төрийн их ёслол гэдгийг тэмдэглэлээ.

Олон мянган жилийн тэртээгээс хүн зон, амьтан, ургамал, амьтай бүхнийг ундаалан тэтгэж ирсэн Хөвсгөл нуураа монголчууд “Далай ээж” хэмээн нэрийдэж, ижий шигээ дээдлэн хүндэтгэдэг түүхэн уламжлалтайг дурдав.

Байгалийн унаган төрхийг хадгалах, экосистемийг хамгаалахад монголчуудын уул овооны тахилга өндөр ач холбогдолтой хэмээн үзэж, ЮНЕСКО-гоос “Уул овоо тахих монгол зан үйл”-ийг яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн Дэлхийн жагсаалтад бүртгэснийг тэмдэглэлээ.

Мөн төрийн тахилгат хайрхдын судалгаа, шинжилгээг хийлгэж, тахилгын уламжлал, зан үйл, дэг ёс, уул, усны онцлогийг нь тодруулан судалж, сурталчлан таниулж байгааг онцлов.

Тэрбээр Хөвсгөл нуурын эх, хүү 13 овооны тэнгэр, Цогт охин тэнгэрийн дүрт лус, найман аймгийн нөхөд төрийг хүчирхэгжүүлэн, ард олныг энхжүүлэн, ээлийн дээдээ хүртээж, ивээлийн ихээ хайрлаж, эх дэлхий этүгэн газраа рашаан усаараа мөнхөж тэтгэж байхыг сүслэн даатгалаа.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Э.Золбоо Хөвсгөл нуурын лус, савдагт хандсан айлтгалыг дуудан сонсгож, торгон дээр бичсэн эх хувийг нь Хөвсгөл аймгийн музейд хадгалуулахаар Засаг дарга Л.Төмөрбаатарт гардуулан өглөө.

Соёлын тэргүүний ажилтан Б.Нарандэлгэр “Далай ээжийн магтаал”-ыг хайллаа.

Дараа нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх идээ будаа, амттаны дээжийг хангай, дэлхийд өргөлөө.

Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын гоцлол дуучин, Соёлын тэргүүний ажилтан П.Амарсайхан “Монгол далай” дууг дуулж, лус, савдагт хүндэтгэл илэрхийлэв.

Хүндэт харуулын цэргүүд Монгол Улсын Төрийн далбаа, Бүх цэргийн Их хар сүлдний Умарын элч сүлд, Хөвсгөл аймгийн туг, Эзэн Богд Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг буцаан заллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх овооны өмнө мэхийн ёсолж, лус, савдагт дахин хүндэтгэл үзүүлснээр төрийн тахилгын ёслол өндөрлөлөө.

Манай улсын гадаргын цэвэр усны нөөцийн 70 гаруй хувийг бүрдүүлдэг, Төв Азийн гадаргын цэнгэг усны эх, нэн ховор араатан, жигүүртний өлгий нутаг болсон  нуурын цэвэр цэнгэг, ариун дагшин байдал, унаган төрх, ургамал, амьтан, түүх, соёлын дурсгалыг хадгалан хамгаалах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгох зарлигийг Гал морин жилд буулгасан.

Нуурыг хамгаалах санаачилга гаргасны дагуу нуурт живсэн усан онгоц, машин, техникийг 2021-2025 онд татан гаргасан юм.

Ингэснээр 50 орчим мянган литр шатахуун, тос, тосолгооны материал, аюултай хог хаягдал нууранд алдагдахаас сэргийлж чадсан.

Энэ жил Хөвсгөл нуурын орчмыг цэвэрлэх хоёр сарын аян өрнүүлж, нуурыг судлах Олон улсын төв байгуулаад байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
САЙД Ц.ИДЭРБАТ НҮБ-ЫН ХХААБ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРЛЫН ОРЛОГЧ ТАНАВАТ ТИЕНСИНТЭЙ УУЛЗАЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО 2026/08/14
САЙД Ц.ИДЭРБАТ НҮБ-ЫН ХААБ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРЛЫН ОРЛОГЧ ТАНАВАТ ТИЕНСИНТЭЙ УУЛЗАЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО 2026/08/14
Даян дэлхийн малчдын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна 2026/08/14
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэнтий, Дорнодын хойд хэсгээр усархаг бороо орох тул янга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна 2026/08/14
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа 2026/08/14
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 2026/08/14
Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна 2026/08/14
ЦЕГ: Ховд аймагт алга болсон охинтой холбоотой эрэн хайх болон мөрдөн шалгах ажиллагаа тасралтгүй явагдаж байна 2026/08/14
ҮЙЛ ЯВДАЛ: “Дэлхийн малчдын чуулга уулзалт”-ын нээлт болно 2026/08/14
Э.БАТШУГАР: УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЖ БАЙНА 2026/08/13
ЗАРИМ ТӨРЛИЙН ОЛОН УЛСЫН МАЛ ЭМНЭЛГИЙН ГЭРЧИЛГЭЭГ НИЙСЛЭЛИЙН МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗАР ОЛГОНО 2026/08/13
ХАНГАЙН МАЛЧИД ДЭЛХИЙН МАЛЧДЫН ТУНХАГЛАЛД ДУУ ХООЛОЙГОО НЭГТГЭЛЭЭ 2026/08/13
Г.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна 2026/08/13
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ӨНӨӨДӨР ШӨНӨ ААДАР БОРОО ОРОХ ТУЛ АЯНГА, МӨНДӨРӨӨС СЭРЭМЖЛҮҮЛЭЭРЭЙ 2026/08/13
Гаалийн албан тушаалтнуудын авлигын хэргүүдийг шалгаж, 11 хэргийг шүүхээр шийдвэрлэв 2026/08/13
ОБЕГ: Мөндөр, аянга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна 2026/08/13
476 МЕТР УРТ ГҮҮРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/08/13
С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал 2026/08/13
Зэрлэг амьтдад ээлтэй хашааны хотын стандартын танилцуулга сургалт зохион байгуулна 2026/08/13
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ 2026/08/13