Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Гамшгаас хамгаалах төлөвлөгөө” Монгол Улсын Шадар сайдын 2023 оны 28 дугаар тушаалаар шинэчлэн батлагдсан холбогдох журам, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн “Гамшгаас хамгаалах Команд штабын сургууль зохион байгуулах тухай” А/115 дугаар тушаал, Эрүүл мэндийн сайдын 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Гамшгаас хамгаалах Команд штабын сургууль зохион байгуулах тухай” А/151 дүгээр тушаалын хүрээнд эрүүл мэндийн салбарын “Гамшгаас хамгаалах команд штабын сургууль” орон даяар эхэллээ.
“Гамшгаас хамгаалах команд штабын сургууль”-ийг Эрүүл мэндийн улсын албаны дарга, Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нээж үг хэллээ.
Эрүүл мэндийн улсын албаны дарга, Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Гамшгаас хамгаалах команд штабын сургуулилалтын гол зорилго нь болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой эрсдэл, цар тахал, халдварт өвчний дэгдэлтийн үед эрүүл мэндийн салбарын бэлэн байдал, хариу арга хэмжээний чадавхыг үнэлэх, удирдлага зохион байгуулалтын тогтолцоог боловсронгуй болгох, салбар хоорондын хамтын ажиллагаа, мэдээлэл солилцоог сайжруулах, мөн гамшгаас хамгаалах төлөвлөгөө, нөөц, зохион байгуулалтыг бодит нөхцөлд тулгуурлан тодотгоход оршиж байна.
Энэ удаагийн сургуулилалт нь Эрүүл мэндийн салбарт анх удаа улсын, бүсийн болон орон нутгийн түвшинд өргөн хүрээнд зохион байгуулагдаж, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүд, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд, Онцгой байдлын байгууллага, цагдаа болон холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтран оролцож буйгаараа онцлог юм гэв
Команд штабын сургууль нь зарлан мэдээллийн дохиогоор ажиллах, удирдах бүрэлдэхүүн штабын дадлага, дууриалган үзүүлэх тактикийн сургуулилт гэсэн үндсэн үе шаттай явагдана.
Дууриалган үзүүлэх тактикийн дадлага сургуулилтыг Говь-Алтай, Сүхбаатар, Өмнөговь, Орхон, Төв аймаг, ХӨСҮТ, УНТЭ болон Нийслэлийн эрүүл мэндийн газарт зохион байгуулж, хээрийн эмнэлэг дэлгэх, хөдөлгөөнт баг ажиллуулах, гоц халдварт өвчний хариу арга хэмжээ авах зэрэг нөхцөлд ажиллах дадлага хийж гүйцэтгэнэ.

Өнөөдрийн байдлаар энэхүү команд штабын сургуулилалтад 40 гаруй эрүүл мэндийн байгууллагын 3000 орчим эмч, эмнэлгийн мэргэжилтэн, алба хаагчид гамшгийн үеийн удирдлага, зохион байгуулалт, хариу арга хэмжээний хэвийн үйл ажиллагааг ханган ажиллаж байна.
Өнөөгийн нөхцөл байдалд гамшгийн эрсдэл, цар тахал, халдварт өвчний аюул занал бодитой оршиж байгаа тул бидний бэлэн байдал, хамтын ажиллагаа, шуурхай хариу арга хэмжээ нэн чухал билээ.