Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос Боловсролын салбарын ажилчдын цалин, хөлсийг нэмэгдүүлэх хөдөлгөөнийг орон даяар эхлүүлж байгаа тухай мэдээлэл өглөө.
Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөл "Боловсролын салбарт ажиллаж байгаа багш, ажилчид цалин хөлс бага, хөдөлмөрийн нөхцөл хүнд байгаа ч сэтгэл зүрхээрээ ажиллаж байна. Засгийн газрын 2026 оны төсөв дээр Боловсролын салбарын багш нарын үндсэн цалингийн асуудлаар санал хүргүүлсэн. Улмаар ажлын хэсэг гарсан. Гэвч өнөөдрийн байдлаар тодорхой үр дүнд хүрэхгүй байгаа бөгөөд ажлын хэсэг цалинг нэмэх боломжгүй гэх дүгнэлт гарсан. Тиймээс бид дараа, дараагийн алхмаа хийгээд байна.
Нэгдүгээрт, боловсролын салбарын ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх тэмцэл хөдөлгөөн зохион байгуулах 27 гишүүний бүрдэхүүнтэй ажлын хэсэг байгуулан, тэмцлийн үйл ажиллагаагаа эрчимжүүлэх төлөвлөгөө гарган ажиллаж байна. Мөн есдүгээр сарын 24-ны өдөр 12:00-16:00 цагийн хооронд жагсаал цуглаан хийхээр төлөвлөж байна. Цаашид цалин хөлс нэмэгдүүлэх тэмцлийг орон даяар зохион байгуулах ажлыг эрчимжүүлж байгаагаа албан ёсоор мэдэгдэж байна. Гол шаардлага бол үндсэн цалинг 3 сая 500 мянган төгрөг болгох юм" гэв.