Д.АМАРБАЯСГАЛАН: МАН ОЛОН НИЙТИЙН ХҮСЧ БАЙГАА НЭР ДЭВШИГЧИЙГ ДЭВШҮҮЛЭХ ЗАРЧИМ БАРИМТАЛНА

info@focus.mn
2024/03/18

ЗГХЭГ-ын дарга, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан УИХ-ын сонгуультай холбоотой асуудлаар тайлбар хийлээ.

-Улс төрийн намууд хэнийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх вэ гэдгээ ярилцаж эхэлсэн мэдээлэл байна. МАН энэ асуудлаа хэзээ тодорхой болгох вэ?

-МАН эхэлж тойргууд дээр судалгаа зохион байгуулаад, тавдугаар сарын 20-ний дотор багтаан долоо хоногийн хугацаанд нэр дэвшигчийг тодруулах үйл ажиллагаа зохион байгуулна.

МАН -ын хувьд нэр дэвшигчийг өөрийнх нь хүсэлтээр нэр дэвшүүлэх гэдэг асуудлыг авч хэлэлцэхгүй. Олон нийтийн зүгээс тухайн тойргийг хэнээр төлөөлүүлэхийг хүсч байна. Тэр нэр дэвшигчийг дэвшүүлнэ гэдэг байдлаар асуудалд хандаж байгаа. Тэр зарчмын дагуу явна.

-УИХ-ын сонгууль нэр дэвшигчид тавьж байгаа гол шалгуур юу вэ. Олон нийтийн санал асуулгаар шийднэ гэвэл хэрэг төвөгт нэр холбогдсон байсан ч дэвшүүлнэ гэсэн үг үү?

-Нэгдүгээрт, УИХ-ын сонгуулийн хууль МАН -ын дүрмээр авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдоод шийтгүүлсэн этгээдийг нэр дэвшүүлэхгүй гэдэг ойлгомжтой заалт байгаа.

МАН аливаа шатны сонгуульд гишүүдээ нэр дэвшүүлэхдээ эхний шалгуур нь тухайн тойргийн дэмжлэг авах, мэргэжлийн байх гэдэг шалгуур тавьж ажиллаж байгаа. Хоёрдугаарт, салбар сегментийн төлөөллийг жагсаалтаар болон тойрогт нэр дэвшүүлэх байдлаар төлөөллийг бүрэн хангадаг болъё гэдэг зорилго агуулж байгаа.

Парламент 126 гишүүнтэй болж, жагсаалтаар 48 гишүүн парламентад орох нөхцөл бүрдсэн үед нийгмийн сегментийн төлөөллийг парламентад оруулах нь хамгийн чухал ач холбогдолтой.

УИХ -ын гишүүн гэдэг шийдвэр гаргадаг дарга биш. Олон нийтийг төлөөлөөд нийгмийн амьдралын зохицуулалтыг хийх хууль эрх зүйн орчныг бүрэн баталгаатай болгох чиг үүрэгтэй байдаг учраас салбар бүрийн төлөөлөл орох нь чухал байдаг. Энэ төлөөлөл бүрэн хангагддаггүй учраас хууль эрх зүйн орчин дутагдалтай гардаг, амьдрал дээр нийцдэггүй гэдэг шүүмжлэл байнга гарч байгаа. Тийм учраас МАН жагсаалтаар болон тойрогт нэр дэвших нэр дэвшигчдийг дээрх шалгуур үзүүлэлтээр шигшиж, хангаж авч явна.

Нэг тойрогт олон мандат хуваарилагдаж байгаатай холбоотойгоор нэг намаас нэр дэвшигчдийн дунд зөрчил их үүсдэг. МАН тодорхой дүрмээр хязгаарлана. Олон нийтийг төлөөлөх гээд багаараа очиж байгаа нэр дэвшигч эв түнжингүй байх нь зохисгүй үйлдэл учраас хязгаарлах нь зүйн хэрэг гэж үздэг.

Сонгуулийн тогтолцоог ч зөв ойлгох ёстой. 10 нэр дэвшигчээс нэгийг нь сонгодог тогтолцоо биш, нэр дэвшигчдээс 10 мандатад нь тааруулж сонгодог тогтолцоо учраас хоорондын эв түнжин, илүү мэргэжлийн байх ёстой гэдгийг аль ч улс төрийн намаас нэр дэвшигчид анхаарах ёстой.

-Сонгуулийн санхүүжилтийг хэрхэн шийдэх вэ, МАН?

-Жагсаалтаар нэр дэвшигчийн улс төрийн намд өгч болох хандивын дээд хэмжээг хуулиар заасан.

Мөн Аудитын байгууллагаас нэг улс төрийн намын сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээ, нэг нэр дэвшигчийн сонгуулийн зардлын дээд хэмжээг тогтоосон. МАН дотооддоо санхүүжилтээ босгох, хандиваа ил тод болгох дээр онцгойлон анхаарч ажиллана.

Саяхан сонгуулийн зардалтай холбоотойгоор УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, энэ тухай ярьсан. Өмнө нь нэг аймаг, нэг тойрогтой байхад сонгуулийн зардал бага байсан бол нэг бүс нутгийн хэмжээнд сонгууль зохион байгуулахаар зардалд зайлшгүй өөрчлөлт орох шаардлага үүсч байна гэж үзсэн. Тийм учраас СЕХ -ны зардалд тодотгол оруулахаар ажиллаж байна. Нэг аймагт нэр дэвшиж байсан хүний зардал гурван аймагт нэр дэвшихээр зардал өсч байгаа. Тэгэхдээ хуульдзаа захирагдаж ажиллана.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.218.203
    2024/03/18

    ЖДҮ гийн,Банкны, Нүүрсний хулгайчдийг олон нийт хүсээгүй шүү

    Хариулах
  • 66.181.186.34
    2024/03/18

    Миний хувьд МАН д нэр цэвэр гар цэвэр хууччуул үлдсэнгүй гэж бодож байна. Харин залуусаа оролцуулбал яадаг бол Жагсаалтаар бохир улстөрч гарч ирвэл асуудал их л хүндрэх болов уу?.

    Хариулах