КОВИДЫН ЕРӨНХИЙ ХЯНАЛТЫН СОНСГОЛЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

info@focus.mn
2023/10/09

Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос Ерөнхий хяналтын сонсголыг 2023 оны 10 дугаар сарын 23, 24-ний өдрийн 10.00 цагт Төрийн ордны “Их эзэн Чингис хаан” танхимд зохион байгуулах тул иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл Та бүхнийг оролцохыг урьж байна.

Сонсгол явуулах сэдэв:

Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын онцгой байдлын үед Засгийн газраас авч хэрэгжүүлсэн төлөвлөгөө, төсөл хөтөлбөрүүдийн санхүүгийн зарцуулалт, гадаадын орнуудаас авсан зээл, тусламж, иргэн, аж ахуйн нэгжүүдийн хандив, тусламж болон тэдгээрийн орлого, зарлагыг нийтэд ил болгох тухай асуудлаар ерөнхий хяналтын сонсгол.

  • Бүртгэл: Ерөнхий хяналтын сонсголын бүртгэлийн ажиллагаа 2023 оны 10 дугаар сарын 9-11-ний өдрийн 17.30 цаг хүртэл үргэлжилнэ:
  • Оролцох хуулийн этгээдийн төлөөлөл, иргэн бол овог, нэр, оршин суугаа газрын хаяг, шуудангийн хаяг, гарын үсэг, холбогдох утасны дугаарыг бичсэн хүсэлтийг бичгээр болон цахим шуудангаар захидал илгээн бүртгүүлнэ. Оролцогч санал, тайлбар, мэдээллээ сонсгол болохоос ажлын хоёроос доошгүй өдрийн өмнө буюу 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор бичгээр ирүүлж болно.
  • Тодорхой асуудлаар санал хэлэх, тайлбар, дүгнэлт гаргах төрийн байгууллага, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээд болон ажиглагч нь сонсгол болохоос ажлын хоёроос доошгүй өдрийн өмнө буюу 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор Эдийн засгийн байнгын хороонд бүртгүүлж, санал, тайлбар, мэдээллээ бичгээр ирүүлж болно.
  • Оролцох хэвлэл мэдээллийн байгууллагууд хүсэлтээ Улсын Их Хурлын Тамгын газарт албан бичгээр ирүүлнэ.

Оролцогчдын талаарх мэдээлэл: Оролцогч, ажиглагчийн тоо хязгаартай тул хүсэлт ирүүлсэн дарааллаар баталгаажуулах бөгөөд бүртгэл дуусмагц нэрсийг Улсын Их Хурлын албан ёсны цахим хуудаст байрлуулна.

Шуудангийн хаяг: 14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай 1, Төрийн ордон-131, Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт шалгалт, үнэлгээний газар /Лавлах утас: 51-262165/

Цахим шуудангийн хаяг: sonsgol@parliament.mn

Жич: “Монгол Улсын Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээний журам”-д заасны дагуу сонсголд оролцогчдын иргэний үнэмлэх үндэслэн албаны болон үндэсний хувцастай Төрийн ордонд нэвтрүүлнэ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна