Үер болсон газруудын түр даланг буулгаж, зам даланг ариутган халдваргүйжүүлж дууслаа

Б.Намуунзаяа
2023/09/08

Нийслэлийн Засаг даргын өгсөн үүргийн дагуу Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас 1 дүгээр хороо, Натурын гүүрнээс “S’Outlet” дэлгүүр хүртэлх Сэлбэ гол дагуу үерийн эрсдэлээс хамгаалж хийсэн шороон түр даланг зөөж, тээвэрлэх болон цэвэрлэгээ, ариутгалыг хоёр өдөрт бүрэн хийж дуусгав.

Түр далангийн шороог зөөж, тээвэрлэх ажлыг хөдөлгөөний ачаалал буурсан шөнийн цагаар хийсэн бөгөөд нийтдээ 221 рэйс буюу 4100 орчим шоо метр шороог тээвэрлэн асгасан байна. Далангийн шороог зөөвөрлөх үед орчны тоосжилтыг бууруулахаар усаар мананцар үүсгэн, байнга чийгшүүлэлт хийхийн зэрэгцээ цэвэрлэгээний дараа Парисын гудамжны авто болон явган хүний зам, даланг нийт найман удаа ариутган халдваргүйтгэсэн.

Дээрх ажилд дүүргийн ЗДТГ, ИТХ болон Цагдаагийн 1-р хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, “Сүхбаатар дэвшил” ОНӨААТҮГ, “Сүхбаатар дэвшил менежмент” ААТҮГ-ын 180 гаруй ажилтан, албан хаагч 38 машин механизмтай ажиллаж, 48 цагийн хугацаанд төлөвлөсөн ажлаа дуусгалаа.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна