Даншиг наадамд гаднаас 56 бөх, 50 гаруй эрдэмтэн оролцоно

Б.Намуунзаяа
2023/08/01

Өнөөдөр болсон Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр  Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх “Монголчуудын өв соёлын даншиг наадам-хүрээ цам 2023”-ын бэлтгэл ажлын талаар мэдээллээ.

Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх:

-Наймдугаар сарын 5, 6-нд Хүй 7 худагт зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Халимаг, Тува, Буриад, Өвөрмонголоос 56 бөх, 17 уран бүтээлч, есөн орны монгол судлаач 50 гаруй эрдэмтэн ирэхээр болсон. Мөн үндэсний 256 бөхийн барилдаан, буриад болон өвөрмонгол бөхийн төрлөөр тус бүр 64 бөхийн барилдаан болно. 

Түүнчлэн жороо, хязаалан, их насны морьдын уралдаан, морьт харваа, сээр цохих, шагайн харваа, үндэсний сур харвааны тэмцээн, “Хүрээ цам ба майдар” түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, монгол үндэсний идээний  үзэсгэлэн, “Нүүдэлчдийн нийслэл” эрдэм шинжилгээний хурал болох юм. 

Цам харайх ёслол, лам нарын дунд ном хаялцах, балин урлалын тэмцээн болохоос гадна монгол хувцасны загварын үзүүлбэр, урлаг, соёлын тоглолт, жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа зэрэг олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна