БСШУ спортын байнгын хороо УИХ-ын хаврын ээлжит чуулганы хугацаанд 19 асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ

Б.Намуунзаяа
2023/07/21

Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо 9 удаа, нийт 19 асуудал хэлэлцсэнээс, 9 хуулийн төслөөр давхарсан тоогоор нийт 46 хуулийн төслийг хэлэлцсэн шийввэрлэж, Улсын Их Хурлын тогтоолын төсөл 3, Байнгын хорооны 3 тогтоолын төсөл, Улсын Их Хурлын Даргын гурван захирамжийг хэлэлцэн шийдвэрлэв.

Хууль тогтоомжийн төслийн хэлэлцүүлгийн талаар

Мөн Байнгын хороо хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг хэлэлцэн батлах үе шатанд  санал, дүгнэлт, танилцуулгыг боловсруулж, төслийг эцэслэн батлах бэлтгэл ханган ажилласныг доорх инфографикаас харна уу. 

 

Бусад ажлын талаар

Байнгын хороо хууль тогтоомжийн төслийг олон нийтэд сурталчлан таниулах, олон нийтээр хэлэлцүүлэх, санал авах, мэдээлэл солилцох зорилгоор төслийн талаарх нэг хурал, зөвлөгөөн, гурван уулзалт, ярилцлага зохион байгуулж ажиллалаа. Тухайлбал, Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөлд Боловсролын ерөнхий хуулийн явцын танилцуулгыг хийсэн. Мөн Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийн талаар танилцуулгыг Соёлын яамнаас Байнгын хорооны даргад танилцуулга хийсний зэрэгцээ Монголын нэрт соён гэгээрүүлэгч, Говийн догшин ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн мэндэлсний 220 жилийн ойг 2023 онд улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх, түүнийг алдаршуулан олон нийтэд таниулах зорилгоор Соёлын яамныхантай хийсэн уулзалтыг зохион байгуулсан.

Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо 2022 оны 09 дүгээр тогтоолоороо Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 12.1.2-т заасны дагуу соёлын өвийг хамгаалах, ашиглахтай холбогдсон хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, түүх, соёлын дурсгалт газрын хадгалалт, хамгаалалтад сөргөөр нөлөөлж байгаа байгалийн болон нийгмийн хүчин зүйлийг бүсчилсэн байдлаар тодорхойлох, дурсгалт газрын хамгаалалтын нөхцөл байдлыг сайжруулах талаар санал дүгнэлтийн төсөл боловсруулах, хэрэгжилтийг хангах үүрэг бүхий хэсгийг байгуулсан. Энэ хүрээнд Ажлын хэсэг болон дэд хэсгийнхэн 2023 оны 02 дугаар сарын 3,4,5-ны өдөр Говьсүмбэр аймгийн Чойрын богд уул, Дорноговь аймгийн Хамарын хийд, Ханбаянзүрх хайрхан, Өмнөговь аймгийн Дэмчогийн хийд, Өмнөговь аймгийн Манлай сумын нутагт орших Шар цавын палеонтологийн дурсгалт газар Дундговь аймгийн Цагаан суварга, Дэл уулын түүх, соёлын дурсгалт газруудад очиж, нөхцөл байдалтай танилцлаа. Тус Ажлын хэсэг Монголын нэрт соён гэгээрүүлэгч, Говийн догшин ноён хутагт Дулдуйтын  Данзанравжаагийн мэндэлсний 220 жилийн ойг 2023 онд улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх тухай албан бичгийг Соёлын яаманд хүргүүлснээр Засгийн газар 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаараа Ой  тэмдэглэх тухай 212 дугаар тогтоолыг баталсан.

Хууль тогтоомжийн төслийг олон нийтэд сурталчлан таниулах, олон нийтээс санал авах зорилгоор Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хуулийн 20 төсөл, Байнгын хорооны таван санал, дүгнэлт, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн дөрвөн танилцуулга, таван мэдээ мэдээллийг иргэд, олон нийтээс санал авах D.Parliament.mn цахим системд байршуулсан.

              УЛСЫН ИХ ХУРЛЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН БАЙНГЫН ХОРОО


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна