"Шувуу" болсон Ч.Сайханбилэг Америкт амьдрахад хүнд болжээ

Б.Номин-Эрдэнэ
2023/04/24

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг эх орноосоо "нисээд" дөрөв дэх жилийнхээ нүүрийг үзэж байна. Мөнгөтэй, гэвч харийн нутагт ийм удах нь монгол хүнд ямар байгаа нь ойлгомжтой. Америк тулдаа л манай "Шувуу"-ныханд бариад өгчихгүй байх шиг байгаа юм. Гэхдээ "Шувуу" ажиллагаа эхэлснээр Ч.Сайханбилэгийн нөхцөл байдал улам л хүндэрч байх өндөр магадлалтай. Тийм мэдээлэл ч байна. Пасспорт хүчингүй, данс битүүмжлэгдэнэ гэдэг бол шууд утгаараа бүх "хөдөлгөөн" нь хориг, хяналтад орчихож байгаа аж. "Шувуу"-нууд бүгд тийм байна. Ч.Сайханбилэг ч ялгаагүй. Түүний тухайд ингээд яваад байх нь тун чиг ашиггүй харагдаж эхэллээ. Нэгдүгээрт, монголчууд авлига, албан тушаалын хэргийг хэзээ ч уучлахааргүй боллоо. Өмнөх шиг өөрсөддөө, хань хамсаатнууддаа зориулж хууль гаргадаг, тэгээд түүгээр "гоождог" байсан цаг өнгөрчээ. Хоёрдугаарт, түүнийг холбогдуулж шалгах хэргийн тоо улам нэмэгдэх шинжтэй. Анх Дубайн гэрээ, Оюу толгойн татвар, "Эрдэнэт"-ийн 49 гэсхийгээд явж байсан бол одоо Хөгжлийн банкны нэлээд олон зээл хуй түүнтэй холбогдчих шиг боллоо. Бас тэгээд нэгэн цагт нөхөрлөж явсан, төр хувийн "түншлэл" хийж явсан нөхөд нь байхгүйгээр нь далимдуулаад болохгүй, бүтэхгүй бүхнээ түүн рүү түлхэж буй бололтой юм билээ. Тэгэхээр Ч.Сайханбилэг "...Монголдоо өтөлнө" гэж боддог л бол эртхэн нутагтаа ирж учир начраа олсон нь өлзийтэй юм шиг ээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна