Гадаад руу "зугтан" яллагдагчаар татагдагсдын дансыг царцаан боомтуудад мэдэгдэнэ

С.Бадарч
2023/03/22

Хэрэгт шалгагдаж байхдаа гадаад руу зугтсан хүмүүсийн дансыг царцаахаар болсон талаар сайд Х.Нямбаатар өнөөдрийн Засгийн газрын хуралдааны үеэр мэдээлжээ. 

Мөн тэдний гадаад паспортыг хүчингүй болгох талаар өмнө нь ярьж байсан. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Гуравдугаар сарын 15-наас эхлэн манай улс чиптэй цахим гадаад паспорт руу шилжиж байна. Өмнө нь хэрэглэгдэж байсан паспортууд бүгд энгийн буюу чипгүй.

Манай улс дипломат шугамаар гадаад улсын хилийн шалган нэвтрүүлэх боомтууд руу эрэн сурвалжлагдаж байгаа хүмүүсийн паспорт нь "Тухайн бичиг баримтыг олгосон байгууллага нь хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа" тухай бичиг хүргүүлнэ. Гадаадад чөлөөтэй зорчиж байгаа хөдөлгөөнд нь хязгаарлалт тогтоох байдлаар зохицуулалт хийж байгаа.

Харъяалалгүй гэдэг агуулгаар эрх зүйн асуудал үүсэхээс сэргийлж, аль аль улсад гадаад паспортыг хүчингүй болгож байгаа талаар ялгамжтай хандан тухайн улс оронд үйлчилж буй хууль эрх зүйн орчинд нь нийцүүлж бичгээ өгч байна. 

Манай улс "Go travel" гэдэг программ хангамжийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс үнэ төлбөргүй авсан. Нью-Йорк хотод албан ёсны хэлэлцээр хийгээд тус программыг ашигладаг нэгж тусдаа байгуулагдаж байгаа. Энэ бол мөнгө угаах терроризмтой тэмцэх, авлига болон албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн хүмүүстэй холбогдуулж тухайн хүмүүсийн зорчих хөдөлгөөнд нь хяналт тавьдаг программ. Энэхүү хангамжийг давхар ашиглахаар төлөвлөж байгаа" гэлээ.  


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна