УИХ-ын гишүүн П.Анужин: Өргөн барьж байгаа хуулийн төсөл органик бүтээгдэхүүн гэсэн илүү өргөн хүрээтэй

С.Бадарч
13 цаг 28 минутын өмнө

УИХ-ын долоон гишүүн Органик бүтээгдэхүүний хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн төслийн талаар гишүүд өнөөдөр мэдээлэл өглөө.

УИХ-ын гишүүн П.Анужин "Хүн амын дунд зонхилох өвчин ходоодны өвчин. Амьдралын буруу хэв маяг, хоол хүнс, зохистой бус хүнсний хэрэглээнээс болсон өвчин нийт өвчлөлийн 65%-ийг эзэлж буй. Ходоодны өвчин үүнээс илүү хувийг эзэлж байгааг та бид мэдэж байгаа.

Сургууль, цэцэрлэгээс авхуулаад бүх түвшиндээ гарал үүсэл нь тодорхой, эрүүл, ямар зүйлээр бордож, хаанаас гаргаж авсан хүнс болох зэрэг стандартуудыг хоол хүнсэнд тавих зайлшгүй шаардлага гарч ирсэн.

Энэ хуулийг гаргаснаар сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн хоол хүнсэнд гарал, үүсэл нь тодорхой эрүүл, органик хүнсийг өгөх, Монгол Улсын хүнсний аюулгүй байдал, хүн амын эрүүл мэндэд тодорхой хувь нэмрийг оруулна.

Сүүлийн үед хүмүүсийн хандлагаас харахад эрүүл амьдралын хэв маяг, эрүүл хооллолт гэж олон жил ярьсан хэдий ч өнөөдрийг хүртэл хэрэгжиж ирсэн хууль хүн амын хэрэгцээ шаардлагыг бүрэн хангахгүй нөхцөл байсан.

Өмнөх хуулиуд эрүүл хоол хүнс, органик хүнсний түвшинд байсан бол энэ удаагийн өргөн барьж буй хуулийн төсөл нь органик бүтээгдэхүүн гэсэн илүү өргөн хүрээнд үйлчлэх юм" хэмээн ярилаа.

Хуульд орсон гол заалтын тухайд, органик хүнс үйлдвэрлэгчдийг төрөөс татвараар дэмжих асуудал. Органик хүнсийг гаргаж авах гэж хүн хүч, цаг хугацааг шаарддаг учраас төрийн бодлогоор зохицуулах шаардлагатай байдаг. Органик хүнсийг дэмжсэн татварын бодлогыг хуульд оруулсан нь чухал зохицуулалт юм.

"Монголын хөрс шороонд ургасан л бол эрүүл хүнс гэдэг ойлголт байлаа. Тэгвэл органик гэдэг нь хөрсний хэчнээн давхаргад яригддаг. Ямар бордоо, хэдэн жил хэрэглэсэн гэх зэрэг цаг хугацааг шаардсан нарийн ойлголт байдаг учир хуульд нарийвчлан тусгасан" гэлээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна