Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар 60 нас хүрлээ

С.Бадарч
2023/03/09

Өнгөрсөн жил анхны ерөнхийлөгч П.Очирбатын 80 насны тэгш ой тохиосон. Энэ онд олонх Ерөнхийлөгчийн тэгш ой тохиож байна. Тодруулбал, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр 65, Ц.Элбэгдорж 60, Х.Баттулга 60, У.Хүрэлсүх 55 нас гэсэн тэгш ойтой золгож байна. 

Онцлох зүйл бол Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар. Тэд үе тэнгийнхэн буюу 1963 оны усан туулай жилд мэндэлсэн тул энэ жил "жил нь орж", хий насаараа 61 настай болж байна. Мөн энэ жил тэтгэвэртээ гарах юм. Учир нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд “20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно” гэж заасан нь бий. Тэд энэ жилээс эхлэн албан ёсны статусаар ахмад настан буюу “өвөө” болох нь.

Ц.Элбэгдорж нь 1963 оны 03 дугаар сарын 08-нд Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн бол Х.Баттулга 1963 оны гуравдугаар сарын 3-нд Улаанбаатар хотод төрсөн хэмээн намтарт нь тэмдэглэн үлдээжээ.

Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн хувьд 2009 оны зургаадугаар сарын 18-наас 2013 оны долоодугаар сарын 10-ны хооронд 1484 хоног, 2013 оны долоодугаар сарын 10-наас 2017 оны 2017 оны долоодугаар сарын 10-ныг хүртэл 1462 өдөр төрийн жолоог атгажээ. Харин тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд 2017 оны долоодугаар сарын 10-наас 2021 оны зургаадугаар сарын 25-ныг хүртэл 1447 хоног төр барьжээ.

Ерөнхий сайд Д.Содном, П.Жасрайн мэндэлсний 90 жил тохиож байна

Үе үеийн Монгол Улсын Ерөнхий сайдуудаас энэ жил тэгш ой нь тохиож буй нь цөөнгүй байна. Монголын анхны ерөнхий сайд болох Сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэнгийн 145, найм дахь ерөнхий сайд Хичээнгүй хэмээх Б.Цэрэндоржийн 155, шилжилтийн үеийн Ерөнхий сайд Д.Содномын 90, 19 дэх сайд П.Жасрайн 90, Сү.Батболдын 60, Н.Алтанхуягийн 65, Ж.Эрдэнэбатын 50 насны тэгш ой “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилд тохиож байна.

Дээрх эрхмүүд дундаас 1963 оны усан туулай жилд мэндэлсэн нь Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд Сү.Батболд бөгөөд дөрөв, тав дахь Ерөнхийлөгчтэй нэгэн онд мэндэлж, хий насаараа 61-тэй боллоо. Түүний намтарт Дорнод аймгийн Чойбалсан хотод мэндэлсэн хэмээн тэмдэглэн үлдээжээ.

Монгол Улсын түүхэнд одоогоор зургаан ерөнхийлөгч төрөн гараад буй. 1992 онд П.Очирбатыг Ерөнхийлөгчөөр сонгосноос хойш Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Х.Баттулга гээд эдүгээ У.Хүрэлсүх төр барьж байгаа юм. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна