Гадаад руу "зугтан" яллагдагчаар татагдсан нөхдийн хэн нь хаана байна вэ?

С.Бадарч
2023/03/07

Т.Бадамжунайгийн хувьд 2018 онд Замын-Үүд боомтоор гарсан. Ингэхдээ “УАЗ-469” буюу бидний ярьж заншсан “69”-д суугаад хил давжээ. Улс төрд хотын менежер гэдгээр анх танигдсан тэр олон нийтэд тийм ч сайн нэртэй биш. УИХ-ын гишүүн, Хөдөө, аж ахуйн сайд, Хотын ерөнхий менежер гэх зэрэг гүйцэтгэгч маягийн, “хоёрдугаар эгнээний” голдуу ажил эрхэлж ирсэн. Тэгсэн хэрнээ томчуудыг “атгадаг” гэлцдэг байв.

Түүн шиг “том гар” Замын-Үүдээр, тэгээд бас “69”-өөр явна гэдэг бол хил даваад зугтсан гэсэн үг. Т.Бадамжунай гадаад руу ниснэ гээд нисэх онгоцны буудал дээр очсон бол гартаа гав зүүлгээд 461 дүгээр хорих анги руу очих байсан.  

Н.Удаанжаргалийн хувьд 2022 оны есдүгээр сард эрүүл мэндийн шалтгаанаар БНСУ-ыг зорин тэндээсээ транзит хийн АНУ руу гарчихсан гэдэг. "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн гүйцэтгэх захирал байсан. Түүнийг нүүрсний бүлэглэлтэй холбоотой байж болзошгүй гэж үзэж байв. Нүүрсний хулгайн хэрэг дөнгөж эхлэх үед болох порцессийг соргогоор мэдрээд гараад явчихсан мэт харагдаж байсан. Энэ хардалт үнэн байжээ. Нэг нь яах аргагүй нүүрсний хулгай бол нөгөөх нь төмөр замын санхүүжилтийн асуудал аж. Учир нь нүүрсний хулгайн гэх асуудлыг шалгахад төмөр замын асуудлыг багтаан шалгах юм. 

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн хувьд 2019 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр Буянт-Ухаа боомтоор явсан. Одоогоор Ч.Сайханбилэг АНУ-д байгаа гэх мэдээлэл бий.  2014 оноос олон улсын хоригт орсон байсан Ростек компанид Монгол дахь уурхайг борлуулахын тулд АНУ, Европын холбооноос зөвшөөрөл авсан гэх мэдээлэл байна.  

2016 оны зургаадугаар сард Ростек Эрдэнэт үйлдвэрийн өөрийн эзэмшлийн 49 хувийг "Монголын зэс корпорац" хэмээх төдийлөн сайн танигдаагүй компанид 400 сая ам.доллароор зарсан гэдэг. Ийнхүү худалдах үед нь "Монголын Зэс" рүү хэдэн зуун сая долларын гүйлгээ хийгдэж байсан нь сэжигтэй. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна