Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Украин Улсын Ерөнхийлөгч В.О.Зеленскийтэй утсаар ярив

С.Бадарч
2023/02/24

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Украин Улсын Ерөнхийлөгч В.О.Зеленскийтэй түүний хүсэлтийн дагуу 2023 оны 2 дугаар сарын 21-ний өдөр утсаар ярьсан байна.

Украин Улсын Ерөнхийлөгч В.О.Зеленский монголын ард түмэнд Цагаан сарын баярын мэндчилгээ дэвшүүлээд, хүнд цаг үед Монгол Улс Украин Улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлсэнд талархал илэрхийлэн хоёр талын харилцаандаа сэтгэл хангалуун байгаагаа онцолсон аж. Мөн тэр Монгол оронд амьдарч байсан хүүхэд ахуй насаа дурсжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ярихдаа хүнд цаг үед цаг зав гарган утсаар ярьж, Монголын ард түмэнд сар шинийн мэндчилгээ дэвшүүлсэнд талархал илэрхийлэв. Украин Улс дахь нөхцөл байдалд санаа зовж байгаагаа илэрхийлэн олон улсын хамтын нийгэмлэг дипломат үйл ажиллагааг эрчимжүүлж, яриа хэлэлцээ, энхийн замаар асуудлыг шийдвэрлэх нь хамгийн зөв хувилбар болохыг онцлон дурдав.

Мөн Монгол Улс хоёр хөрш болон гуравдагч хөрш орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа тэнцвэртэй хөгжүүлэхийг зорьдог бөгөөд энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогыг тууштай хэрэгжүүлж байгаагаа тэмдэглэв.

Хоёр тал уламжлалт найрсаг харилцаагаа өндрөөр үнэлж, хамтын ажиллагааны зарим асуудлаар санал солилцон НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхийг эрмэлзэж буйгаа нотлосон байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна