Хамгийн түрүүнд барилгын стандартыг эхлүүлэхээ Шадар сайд илэрхийллээ

С.Бадарч
6 цаг 50 минутын өмнө

          -Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр газар хөдлөлтийн эрсдэлтэй бүсэд орж байгаа-

"Стандарт-хөгжил" сэдэвт уулзалт "Блю Скай" зочид буудалд өнөөдөр болсон юм. Уулзалтад Барилга, Хот Байгуулалтын Яам (БХБЯ), Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яам (ХХААХҮЯ) болон бусад салбарын төлөөллүүд оролцлоо. 

Мөн Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хүрэлцэн ирж үг хэлсэн юм. 

Тэр энэ үеэрээ стандартчиллын талаар нэлээд доривтой үг хэлэв. Орон даяар стандартын хөтөлбөр хэрэгжүүлэн нэг сарын хугацаатай хэлэлцүүлгийг нийгэм даяар өрнүүлэх гэж байгаа юм байна. Учир юу гэвэл өмнө нь гарч байсан осол аваар, аймшигт хэргүүд бүгд стандарт хэрэгжээгүйгээс болж гарсан нь үнэн билээ. Тухайлбал, 2008 онд БНХАУ-ын Сичуань мужид газар хөдлөлт болсон бол сая Туркт газар хөдлөлт боллоо. Манай аврагчдын очиж ажиллаж байгаа 2 000 000 хүн амтай хот үндсэндээ сүйрсэн гэдэг мэдээллийг гамшгийн голомтод нь ажиллаж байгаа манай аврагч нар хэлж байгаа. Эдгээр жишээнээс харахад барилгын стандарттай холбоотой асуудлыг хөндөх цаг болсон, хамгийн их анхаарал татсан асуудал мөн гэдэг нь тодорхой. Ийм эрсдэл биднийг тойрохгүй гэх баталгаагүйг бид мэдэж байгаа. Манай нийслэл хотод газар хөдлөх юм бол барилга байшингуудын 50-иас багагүй хувь нь нурах эрсдэлтэй гэж мэргэжлийн байгууллагууд дүгнэлтээ гаргачихаад байгаа нь ч үнэн. Үнэхээр ийм асуудал тулгарвал хүн ам олноороо хохирох эрсдэлтэй бид нүүр тулна. Тийм учраас л стандарт бол үндэсний аюулгүй байдлын нэн чухал хэсэг гэдгийг Шадар сайд онцолж байв. Тэгэхээр манайд яалт ч үгүй хурцаар тавигдах асуудал бол барилгын стандартаас эхлээд цаашлаад хүнс, эм, эмийн хэрэгслийн стандарт гэх зэргээр стандарт ярихгүй салбар манай улсад байхгүй гэж Шадар сайд хэлж байлаа.

Гэхдээ стандартыг амжилттай нэвтрүүлж байгаа хувийн хэвшил болон үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагууд бас байгааг үгүйсгээгүй. Гэсэн ч дутагдалтай асуудлууд маш олон байгаа гэлээ. Иймд хууль эрх зүйн орчиндоо стандартыг заавал мөрддөг байх өөрчлөлтийг оруулж байгаа юм байна. Үүнийгээ аюулгүй байдлын шалгуур, хөгжлийн хэмжүүр, ажлын гүйцэтгэл гэж хэлж байсан. 

Шадар сайд үг хэлсэний дараа барилга байгууламжийн чанар стандарт, аюулгүй байдал болон газар хөдлөлтийг тэсвэрлэх үнэлгээг хийсэн эсэх талаарх сэтгүүлчийн асуултад БХБЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Гүнболд дараах хариултыг өгсөн. 

-Улаанбаатар хотын хэмжээнд 2015 онд нарийвчилсан бичил мужлалын зургийн масштаб хийсэн. Ингэснээр нийслэлийн нийт газар нутгийн хоёр хувь нь газар хөдлөлтийн есөн баллд байгааг тодорхойлсон. Ялангуяа, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр газар хөдлөлтийн эрсдэлтэй бүсэд орж байгаа. Эмээлтийн хагарал гэж ярьдаг. 

Түүнчлэн газар хөдлөлтийн найман баллд 50 орчим хувь нь байгаа бол долоон баллд 48 хувь нь байгаа гэсэн үзүүлэлт бий. Энэ бол Улаанбаатар хотын мэдээлэл. Энэ нарийвчилсан мэдээллээс харж газар хөдлөлтийн бүсэд барилга, байшин төлөвлөх норм дүрмийг 2021 онд боловсруулж, баталсан. Ингэснээр тухайн баллд нь тааруулж, барилгын чанарт анхаарч, төлөвлөж байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл, газар хөдлөлтийн тухайн баллд нь тэсвэртэй байх барилгыг төлөвлөх нь маш чухал. 

Дээр дурдсан норм, дүрмийн дагуу ес ба түүнээс дээш баллын газар хөдлөх эрсдэлтэй бүсэд барилга төлөвлөхийг хориглож байгаа. Яагаад гэвэл, эдийн засгийн хувьд ач холбогдолгүй, эрсдэлтэй үйлдэл болно. 

Бид газар хөдлөлтийн бичил мужлалын зургийг 21 аймгийн төвд үе шаттайгаар хийж байгаа. Одоогийн байдлаар есөн аймаг дутуу байна. Тухайлбал, зүүн бүсийн Дорнод, Сүхбаатар аймагт газар хөдлөлийн балл бага байна. Харин эсрэгээрээ Баян-Өлгий аймаг үзүүлэлт нь есөн баллтай гарч байгаа. Тиймээс газар хөдлөлтийн тэсвэрлэх чадварт нь нийцсэн барилга байгууламжийн зураг төслийг боловсруулах нь чухал. 

Мөн тэр "Монгол Улсын хэмжээнд нийт 18,442 барилга байгаа талаарх тоон мэдээлэл бий. Эдгээр барилга нь 1970, 1990, 2000 онд баригдсан зэргээрээ ялгаатай. Хугацааны хувьд харилцан адилгүй байгаа уг зааг ялгааг 2002 оноор авсан.

Зураг төслийн магадлал, угсралт хяналтын үйл ажиллагаа, энэ чиглэлийн тогтолцоо бий болсноос өмнөх, хойших хэмээн ангилдаг. Өөрөөр хэлбэл, 2002 оноос хойш баригдсан барилгын зураг төсөлд газар хөдлөлтийн баллыг тэсвэрлэх чадварыг суулгасан. 

Улсын хэмжээнд баригдсан барилгын 9,821 нь Улаанбаатар хотод байгаа бол 821 нь орон нутагт бий. Ялангуяа, нийтийн зориулалттай барилга байгууламжид бодлогоор илүү анхаарал тавьж байгаа. 

Эдгээр байгууламжийг ангилаад үзвэл олон нийтийн зориулалттай 1,844 барилга байгаа. Үүнээс 543 нь газар хөдлөлтөд тэсвэргүй байна. Олон нийтийн зориулалттай барилга гэдэгт нийтийн орон сууц, нийтийн оффис, зочид буудал, кинотеатр, худалдааны төвүүд орно" гэв. 

Аливаа барилга байгууламжид насжилт чухал. Ашиглалтын шаардлага хангахгүй хуучны барилга байгууламжийн асуудал байгаа. Хуучин байруудыг нураая гэхээр оршин суугчдын зүгээс өмч хөрөнгөгүй болчихлоо гэдэг асуудал тавигддаг.

Энд оролцож байгаа төрийн байгууллага, оршин суугчид, барилгыг нь буулгаад дахин барих гэж байгаа барилгын компани гуравласан харилцааг зохицуулсан эрх зүйн орчныг бүрдүүлж өгсөн. Ингэснээр ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулган дахин барилгажуулах механизмыг бий болгосон гэж байв.        

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна