Бидний хайрын түүх

Б.Номин-Эрдэнэ
Өчигдөр 10 цаг 13 минут

Гэгээн хайрын бэлгэдэл болсон Валентины баяр өнөөдөр тохиож байна. Хосуудын нэгэн онцгой, мартагдашгүй өдрүүдийн нэгт тооцогддог энэ баярыг тохиолдуулан дөрвөн хосын хайрын түүхийг уншигчдадаа хүргэе.

Уурхайд учирсан бидний дурлал

Намайг Б.Пагмаа гэдэг. Одоо 28 настай настай. Одоогоос дөрвөн жилийн өмнө Өмнөговь аймгийн уурхайд Хятад хэлний орчуулагчаар ажиллахаар очоод хайртайгаа учирсан. Их сургуулиа төгссөнөөсөө хойш “Монголын Солонгос” гэгдэх Өмнөговь аймгийн уул уурхайн салбарт мэргэжлээрээ ажиллах сан гэсэн нууцхан хүсэлтэй байлаа. Энэ хүсэл минь 2019 онд биеллээ олж, талын охин зориг шулуудан говь нутгийг зорьсон юм. Ажиллахаар очсон бүсгүй санамсаргүй байдлаар ч гэх үү, бурхны заяа төөргөөр гэх үү нөхөртэйгөө учирсан. Бидний учрал гэнэтийн бөгөөд догдлол дүүрэн мөчөөр дүүрэн байв. Уурхайд шөнийн гараатай байж байтал миний утасны цэнэг дуусч нэг хүн надад цэнэглэгч өгснөөр бидний түүх эхэлсэн юм. Нэг мэдсэн 2,3 цэнэглэгчтэй болсон байсан. Манай нөхөр анх надаас “Нөхөр, хүүхэдтэй юу” гэж асуухаар нь нөхөр гурван хүүхэдтэй гэж хэлсэнд итгээгүй гэсэн. Тэгээд энэ эмэгтэйг заавал өөрийн болгоноо гэж  бодсон юм билээ. Уурхайн болзоо их өвөрмөц өрнөдөг. Ариун цэврийн өрөөний хажууд, ковшны шанаганы ойролцоо хүмүүсээс нууцаар гэрэлгүй газар болзоно. Хүн гараад ирэх эсвэл гэрэл асвал хөтлөлцсөн гараа тавиад хоёр өөр тийшээ явна.. Анх манай аав ээж дээр хадамлахаар очихдоо надаас долоон насаар ах гэдгээ нуухын тулд гэрт ойрхон очоод сахлаа аваад нүүрээ угаагаад орж байсан. Манайхаар анх ороход маш гоё дулаан энергитэй цаанаа л нэг байгаад баймаар санагдсан гэсэн. Ийн одоо бид гэр бүлийн баяр баясал болсон хөөрхөн бяцхан гүнжтэй болоод хайранд умбаад амьдарч байна.

Хайр бол гэр лүүгээ яаран очих юм

Намайг Б.Алтантуяа гэдэг. Одоо 25 настай, багш мэргэжилтэй. IV курсын оюутан байхдаа нөхөртэйгээ танилцаж байсан. Нөхөр маань Өвөр Монголын Багшийн сургуульд IT инженерийн чиглэлээр сурч байсан. Харин би МУБИС-ийн утга зохиол судлаачийн ангийн III курст байхдаа солилцоогоор Өвөр Монголын Багшийн их сургуульд суралцахаар явсан юм. Тэнд очоод гадаад оюутны дотуур байранд амьдарч байхдаа анх нөхрөө харж байсан. Тухайн үедээ зүс харах төдий мэддэг байсан. Тэгээд оюутнууд амрах болоод би Монгол руугаа буцсан ч “Facebook”-ээр найзууд болоод чаталж эхэлсэн. Удаан харилцсаны дараагаар нөхөр маань надад огт хэлэлгүй ажлын маань үүдэнд ирчихсэн тарахыг хүлээгээд зогсож байсан. Ингэж бид хоёр анх уулзсан өдрөөс өнөөдрийг хүртэл нэг ч холдож байгаагүй. Бид хоёр маш олон зүйлийн талаар ярилцдаг, чөлөөт цаг гарах бүрт байнга болзож, нэг нэгнийхээ ажлыг хамтдаа амжуулдаг байсан. Нөхөр маань намайг алдахыг хүсэхгүй, эхнэрээ болгомоор байгаа тухайгаа хэлж, би ч эхнэр нь болж, үр хүүхдийг нь төрүүлж өгөхийг хүсдэг байсан. Тиймээс бид итгэл төгс хоёр талын гэр бүлийнхэнтэйгээ танилцсан. Удалгүй бид хүүхэдтэй болсноо мэдэж, эрүүл саруул төрүүлж, өсгөхийн төлөө хоёулаа хичээж илүү шаргуу ажиллаж эхэлсэн. Нөхрийнхөө зөөлөн, тайван зан чанарт, үргэлж намайг инээлгэж, бүх зүйлийг эергээр хардаг хошин занд нь үнэхээр дуртай. Бас хамгийн их сэтгэлийг маань татсан зүйл бол намайг маш их хүндэлж, үргэлж миний төлөө байдаг.  Бид бол хэчнээн завгүй байсан ч гэрлүүгээ яаран очдог, хүсэл мөрөөдлөөр дүүрэн залуухан гэр бүл.

Хөдөөний болзоо их үнэ цэнтэй, баялаг

Намайг Ц.Баасандэлгэр гэдэг, 25 настай.Өнгөрсөн зун аав ээждээ туслахаар нутагтаа очоод хөрш айлынхаа давхраатай том алаг нүдтэй хөөрхөн залууд дурлачихсан. Хоёр жилийн өмнө “намайг хүндэлдэг, хөөрхөн” гэж хэлж байсан залуу намайг сонирхдог хэвээрээ болов уу гэж бодож догдлоод аймгийн төвөөс ирэх сургийг нь сонсоод л хүлээж эхэлсэн. Үнээ сааж байхад зэлэн дээр ирж мэндлээд тугал татаж өгч туслахад нь халамжтай,  зөв хандлагатай залуу вэ гэж бодсон. Үүнээс хойш  үнээний зэл бидний болзооны талбар болж бие биедээ улам их дассан. Хөдөөний болзоо их үнэ цэнтэй, баялаг юм билээ. Удаан болзсоны дараа анх удаа миний хажууд тамхи татсан. Гайхаад “Чи тамхи татдаг юмуу” гэж асуутал найз охинтой болохоороо тамхинаасаа гарнаа гэхээр нь “Хэр удаан өөрийгөө хорлох вэ. Тамхиа хая. Найз охин чинь больё” гээд инээмсэглээд хайраа илчилчихсэн. Манай найз залуу тэр өдрөөс хойш тамхи хэрэглээгүй. Өөрийгөө ялж чадсанд нь, бас амлалтаа биелүүлдэгт нь одоо хүртэл баярлаж бахархдаг. Үүнээс хойш мөрөөдлийн хайрыг үг үйлдэл бүрээрээ мэдрүүлж, гал халуун хайрыг ундраасан дурлалт хосууд болсон байна. Мартагдашгүй олон дурсамжийг хамтдаа бүтээж халуун хайрын илчиндээ биенээ дулаацуулан хэцүү үеийг ч хайраар хөглөн даван туулж байна. Бие биенээ харах харц инээх инээмсэглэл бүр хайр татам. Дэлхийн хамгийн жаргалтай хүн болсон мэт азтай хүндлэл хайр талархал дүүрэн мэдрэмж.Сүүлчийн амьсгалаа энгэрт нь хураах мөнхийн хайр минь гэж сэтгэлдээ сахиус болгон залсан хайр минь.

Крашынхаа сүйт бүсгүй болсон миний түүх

Намайг П.Жаргалмаа гэдэг, 23 настай. 2020 оны аравдугаар сарын 08-нд магистрын хөтөлбөрт элссэний хичээл эхэлсэн юм. Оюутнууд өөрсдийгөө танилцуулж анги нам гүм байх үеэр "Багшаа, орох уу?" гэсээр өндөр залуу орж ирсэн. Анхаарал татсаар орж ирсэн болоод ч тэр үү, сонирхлыг минь их татсан. Өөрийгөө танилцуулаад суудалдаа суусных нь дараа ажиглалаа. Цэвэрч, царайлаг, өндөр, нийтэч, эелдэг зантай гээд яг л миний сонирхдог төрлийн тэр залуу надад маш их таалагдаад крашлаж эхлэв ээ. Хичээлдээ явах улам л сонирхолтой боллоо. Хэд хоног өнгөрсний дараа би зориг гаргаад найзын хүсэлт явуулсан чинь авчихлаа. Баярласан гэж жигтэйхэн. Ахин дахин "найзын хүсэлт авлаа" гэсэн мэдэгдлээ харж догдлоод, зургийг нь үзээд л. Удсангүй надад чат ирлээ. Хартал, краш англи хэлний гэрийн даалгавар асуусан байлаа. Миний бичсэн хариунд зүрх дарахад нь яг нисэх шахсан. Энэ өдрөөс хойш хэн хэн нь ойр зуурын яриа өдөж чатладаг болсон ч ангид танихгүй хүмүүс шиг нэг нэгнээсээ зайгаа барьсаар. Нэг өдөр чаталж байгаад биллиард тоглох ижил хоббитойгоо мэдээд хамт тоглохоор боллоо. Түгжирч удаан хүлээлгэсэндээ санаа зовоод нэг чупа чупс бариад орлоо. Эмэгтэй хүн өөрт нь чихэр өгнө гэж зүүдлээчгүй байсан учир их хөөрхөн санагдсан гэсэн. Бидний анхны болзоо энэ байв. Цаг хугацаа өнгөрсөөр жилийн дараа тэр минь надад сүй тавих санал тавьж, хамтдаа амьдардаг болж 2022 оны Валентины өдөр жирэмсэн гэдгээ мэдсэн. Ингэж л тэр минь миний ангийн хамтрагчаас амьдралын хамтрагч болсон.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна