Л.ОЮУН-ЭРДЭНЭ: НАМЫН ДАРГА БАЙСАН ГЭЭД БИ ДАРАА НЬ УДИРДАХ ЗӨВЛӨЛД ОРОХГҮЙ

info@focus.mn
2023/02/06

Намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ирэх сонгуулийн дараа МАН-ын Удирдах зөвлөлд ороогүй байвал битгий гайхаарай. Дарга, Ерөнхийлөгч байсан хүмүүс намын Удирдах зөвлөлд автоматаар ордгийг болиулж байгаагаа Монголын социал демократ  холбооны хурлын үеэр  тэр хэлжээ.

"Шинэ үеэ гаргаж ирье. Би ч дараа нь намын дарга байсан гээд Удирдах зөвлөлд орохгүй. Та нар шинэ "урсгалд" нээлттэй байгаарай. Тогтсон намаг биш, урсгалтай цэнгэг ус байцгаая" гэсэн утгатай үг хэлжээ. Үнэхээр "урсгалтай" байж чадвал МАН хэдхэн хүнийг орой дээрээ насаар нь залсан мэт ялзралгүй шинэ үе- шинэ урсгалаар шинэчлэгдэнэ. Сайн л даа.
Харин одоо шинэ үеийнхэн гэж улс төрд хүч түрэн орж ирж буй 80 оныхон 10 жилийн дараа 90, 2000 оныхондоо зайгаа тавьж өгч чадах уу? Ид эрх мэдлийн амтанд орж, нам- төр- засаг бүгдэд нь ааг бяр нь амтагдаж эхэлмэгц нэр цэвэр байгаа дээрээ улс төрөөс холдох хүн хэр олон бол.

Нүүрсний хэрэгт холбогдоод хилээр гарах эрхээ өнөөдөр хязгаарлуулсан Т.Аюурсайхан хэдхээн жилийн өмнө хэн байлаа? Шударгын туйл, шинэчлэлийн туг нь болж МАН байтугай Монгол даяараа л дэмжсэн. Гэтэл өнөөдөр ард түмнийнхээ баялгаас хулгайлсан хамгийн том хулгайчдын нэг болчихоод байна. Монголын төр, засаг, улс төрийн боломжит бүх л өндөр албан тушаалд очсон. Эцэст нь хулгайч болж шалгагдаж байна. Гэвч тэр өнөөдрийг хүртэл УИХ-ын гишүүн, НХХ-ийн сайд, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн гээд төр, засаг, улс төрийн өндөр албан тушаалаасаа зууралдсаар байгаа нь үнэн. Түүнд Ж.Мөнхбат шиг өргөдлөө өгч чөлөөлөгдөөд, шалгуулах зүрх зориг алга.

Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шударга, ёс зүйтэй, хариуцлагатай ажиллаж чадна гэсэн залууст итгэл хүлээлгэн төрийн өндөр албанд ажиллуулж байна. Ховдын Засаг дарга Э.Болормаагаас эхлээд ХХААХҮ-н дэд сайд Б.Ганхөлөг, ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонго гээд 80, 90 оны залуусыг гаргаж ирсэн. Харин тэд цаг нь болохоор авсан шигээ албан тушаал, эрх мэдлээсээ татгалзаж дараагийн үеийнхэндээ зайгаа тавьж өгдөг шнэ жишгийн эхлэл болцгоох нь.

Л.Оюун-Эрдэнэ Монголын нийгэм, улс төрд олон шинэчлэлийг эхлүүлсэн.
Нийгэмд шударга ёсны тэмцлийг эхлүүлсэн бол улс төрд намын уураг тархи гэгддэг Удирдах зөвлөлд "шинэ урсгал"-ыг уриалаа. Ингэснээр МАН ирэх УИХ-ын сонгуульд олон жил дарга хийсэн хэн гуай, хамгийн их мөнгө хандивласан тэр ах, эгчийг нэр дэвшүүлдэг уламжлалт нэр дэвшүүлэлтээсээ татгалзах байх гэсэн хүлээлт үүсчээ.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 203.91.115.53
    2023/02/06

    Ugaasaa hudalch sda shuu dee. Bi ymar neg alban tushaald ochihgui geed l shaaj bsan pizda haana bn?

    Хариулах