Байгууллагуудын орчны 50 метр хүртэлх талбайн зураглалыг хийлгэнэ

С.Бадарч
2023/02/03

Долоо хоног бүрийн баасан гарагт Улаанбаатар хотын Ерөнхий менежер цаг үеийн асуудлаар мэдээлэл хийдэг. Энэ удаа “Манай хороо-Миний гудамж” аян болон зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ, хот, нийтийн аж ахуйн ажлын өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэв.

2023 оны хоёрдугаар сарын 01-нээс аравдугаар сарын 02-ны хооронд нийслэлийн есөн дүүрэгт “Манай хороо-Миний гудамж” аяныг зохион байгуулах аж. Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, иргэдийн ая тухтай, эрүүл, аюулгүй орчинд ажиллах, амьдрах, амрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилготой юм байна. Энэ жилийн хувьд “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд иргэд, аж ахуй нэгжийг дүүрэг, хороодод мод, бут тарихыг дэмжих, энэ тал дээр шинэ санаачилга, аргачлалыг нэвтрүүлэхэд анхаарахаар болжээ. Түүнчлэн аж ахуйн нэгжийн 50 метрийн зураглалыг гаргах, энэ зураглалын дагуу цэвэрлэгээ, үйлчилгээг тогтмол хийхэд ач холбогдол өгч байгаагаараа онцлогтой. Аяны хүрээнд дор дурьдсан ажыг хийх гэнэ. Тэдгээрт:

  • Гудамж, зам, талбайг тохижуулах
  • Цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, арчлан хамгаалах
  • Иргэдийн амьдрах орчны нөхцөлийг сайжруулан, чанаржуулах
  • Инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг бүрдүүлэх
  • Нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг эзэнжүүлэх, арчилж хамгаалах
  • Хог хаягдал, орчны бохирдлыг бууруулах
  • Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх ажил оржээ. 

Аянд оролцогчдыг хариуцсан ажлын чиг үүргийн дагуу байр эзлүүлэн:

  • Шилдэг дүүрэг
  • Шилдэг хороо /орон сууцны/
  • Шилдэг хороо /гэр хороолол/
  • Шилдэг аж ахуйн нэгж, байгууллага
  • Шилдэг Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/
  • Шилдэг орон сууцны контор, хэрэглэгчдэд үйлчлэх төв
  • Шилдэг өрх /гэр хороолол/
  • Шилдэг хог хаягдлын үйлчилгээний байгууллагыг шалгаруулна.

Түүнчлэн төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг байнгын ажиллагаатай, өнгө үзэмжтэй байлгах зорилтын хүрээнд нийтийн бие засах газар, автобусны буудлуудыг тохижуулах, аж ахуйн нэгж, байгууллагын орчны 50 метр хүртэлх талбайн зураглалыг хийлгэж, тохижуулах, асуудлаар GS-25, CU сүлжээ франчайзингтай хамтарч ажиллахаар болсныг тэрбээр онцолсон. Мөн эзэнгүй муур, нохойн тоог хязгаарлах ажлыг шинэ тарифаар гүйцэтгэх, халиа тошин үүссэн үед ашиглах техник, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна гэв.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна