Цагдаагийн хошууч Э.Сэргэлэнбаатар: Койн босгосон хөрөнгөөрөө хувьдаа байр, машин авсан хүмүүсийг шалгаж байгаа

С.Бадарч
2023/02/01

НЦУГ-аас койн болон сэтгүүлч баривчилсан асуудлаар хэвлэлийн хурал хийлээ. ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөнгө угаах хэлтсийн дарга, цагдаагийн хошууч н.Сэргэлэнбаатар “Манай улс 2022 оны хоёрдугаар сараас эхлээд виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн хуультай болсон. Энэ хуулиар энэ салбарын гол зохицуулагч СЗХ байхаар зохицуулж өгсөн. Өөрөөр хэлбэл ийм чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудыг бүртгэх, шалгах, хянах чиг үүрэгтэй. Цагдаагийн хүрээнд хуулийн хүрээнд ямар шинэ зохицуулалт орсон бэ гэхээр Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр 18-ийн 19, 18-ийн 20 буюу хоёр зүйл анги байна. Нэгд , энэ салбарын дотоод мэдээллийг ашиглаад ашиг олж байгаа хүмүүс хоёрт нь, энэ салбарын үйл ажиллагааг урвуулан ашиглан ашиг олж байгаа этгээдүүд мөрдөн шалгах ажиллагаа явуулах хуулийн зохицуулалттай болсон. Мөн тагнуулийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулах хуулийн харьяалалтай. Хууль үйлчилж эхэлсэнтэй холбоотой өнгөрсөн жилийн зургаан сараас эхлээд СЗХ болон биржүүд буюу виртуал санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчдийг бүртгэж эхэлсэн. Бидэнд өгч байгаа мэдээллээр одоогийн байдлаар 12 крипто бирж байна. Бид энэ судалгааг хийгээд одоогийн байдлаар 37 койн энэ биржүүд дээр арилжаалагдаж байна. Бид энэ хугацаанд хамгийн чухал оролцоотой этгээд бол криптобиржүүд юм байна гээд 2020,2021,2022 онд криптобиржийн удирдлагуудтай хэд хэдэн удаа уулзалт хийсэн. Цагдаагийн байгууллагаас энэ салбарт хөрөнгө төвлөрүүлэхээр иргэдэд койн, токен  санал болгож байгаа этгээдүүд бол санхүүгийн гэмт хэрэгт холбогдож байгаагүй байх , мөнгө угаах гэмт хэрэг үйлдэгдэхгүй байх ёстой,  санхүүгийн чадавхитай байх ёстой, санхүүгийн залилангийн шинжтэй үйл ажиллагаа явуулах юм бол биржүүд өөрсдөө хариуцлага хүлээх эрх зүйн үндэслэл байгаа тул шаардлагаа хангаач гэсэн шалгуурыг тавьсан.  Бидэнд одоо бүртгэгдсэн, хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа биржүүдийг бүгдийг нь шууд хянаж шалгах хуулийн зохицуулалт байхгүй. Харин илт залилангийн шинжтэй, босгосон хөрөнгөө хувьдаа аваад байр машин авсан хүмүүсийг шалгаж байгаа" гэлээ.

"NEGUUN.MN" сайтийн сэтгүүлч н.Анхбаярыг баривчилсны хувьд, сэтгүүлчийн мэргэжлийн ажилтай холбоотой мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй, тухайн иргэнтэй холбоотой асуудлаар шалгаж байна гэсэн юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна