​НАМЭХ нэрээ солино, Ерөнхийлөгчөө солихгүй

info@focus.mn
2023/01/30

НАМЭХ-ны VIII ээлжит бус хурал хаалттай болж байна. Энэ хурлаар НАМЭХ-ны нэрийг Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн холбоо гэж өөрчлөх юм байна.  Харин НАМЭХ-ны дүрмийн дагуу энэ удаагийн ээлжит бус хурлаар Ерөнхийлөгчийг шинээр сонгохгүй гэж  албаны эх сурвалж хэллээ.

Одоогийн Ерөнхийлөгч УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл 2019 онд сонгогдсон бөгөөд түүний бүрэн эрхийн хугацаа  энэ оны 11 дүгээр сард дуусах юм байна. Тиймээс намын дүрмийн дагуу ирэх намар  их хурлаа хуралдуулж дараагийн Ерөнхийлөгчийг сонгох юм байна.

Зарим хэвлэлийн мэдээллээр МАН дахь 80 оныхон НАМЭХ-ны Ерөнхийлөгч болохоор өөрсдийгөө нэр дэвшүүлэн пиараа эхлүүлсэн бололтой. Ялангуяа аавынхаа буянаар МАН-ын олон мянган эмэгтэйчүүдийн дээгүүр гишгэлэн улс төрийн өндөр албан тушаалд хүрч, сайд болсон  Ч.Номингийн нэр хүчтэй бичигдэж байна. Үүнд дургүйцсэн НАМЭХ-ын гишүүд харин ч түүнийг эсэргүүцэн “Эхлээд намын ажил хий. Дараа нь НАМЭХ-ийн Ерөнхийлөгч бол” хэмээн шүүмжилж эхэлжээ.

Улс төрийн намын дэргэдэх ТББ-ын хувьд НАМЭХ-д улс төрийн эрэмбэ үйлчилдэг. Тиймээс НАМЭХ-ийн Ерөнхийлөгчөөр парламентад 1 ба түүнээс дээш удаа сонгогдсон, сайдаар ажилласан буюу ажиллаж буй гишүүдээсээ сонгодог. Энэ утгаараа ирэх намар болох сонгуульд УИХ дахь МАН-ын эмэгтэй гишүүд өрсөлдөх боломжтой юм.  Энэ шаардлагын дагуу намар болох Ерөнхийлөгчийн сонгууль УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Боомтын сайд Х.Булгантуяа, МАН-ын генсек А.Ариунзаяа нарын дунд болно хэмээн НАМЭХ гишүүд ярьж байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна