Вакцин 2-3 долоо хоногийн дараа идэвхиждэгийг тооцоорой

С.Бадарч
2023/01/26

ХӨСҮТ-өөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.  

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгтсайхан ХДХВ/ДОХ-ын вирусийн халдвартай иргэн энэ долоо хоногт нас барсан. ДОХ/Сүрьеэгийн хавсарсан халдвартай энэ хүн манай төвийн хяналтад хэвтэн эмчлүүлж байсан. Өөрийнхөө хүсэлтээр эмнэлгээс гэртээ гарсан байсан. Иймд ХӨСҮТ-ийн хашаанд тусламж авч чадалгүй нас барсан гэдэг нь ташаа мэдээлэл байлаа. ДОХ/Сүрьеэгийн халдвартай иргэд гэртээ болон нийгэмд ялгаварлан гадуурхалтад өртдөг, маш эмзэг байдаг. Тиймээс ийм хүмүүсийн хувийн мэдээлэлд хүндэтгэлтэй хандана уу” гэж хэвлэлийнхэнд сануулав.  

Мөн БНХАУ руу зорчих бол холбогдох вакцинаа хийлгэхийг зөвлөж байна. Замын-Үүд хилийн боомт нээгдсэн. Тус боомтод ЭМЯ, ХӨСҮТ, мэргэжлийн хяналт, гаалийн байгууллагын төлөөлөл багтсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Хил нээгдсэнээс хойш 365 хүнийг түүвэрлэн шинжилгээнд хамруулахад өнөөдрийн байдлаар  ковидын эерэг тохиолдол гараагүй аж.

Эрүүл мэндийн сайдын тушаалаар вакцинжуулалтыг дэмжих, эмнэлгийн орны бэлэн байдал, эмийн нөөцийг хангуулах чиглэлээр ажиллаж байна. Цагаан сар болох гэж байгаа тул манай иргэдээс БНХАУ руу зорчих төлөвлөгөөтэй бол эрсдлээ тооцон аялалаа төлөвлөөрэй. Учир нь урд хөршид ковидын тохиолдлын тоо өндөр, монголд бүртгэгдээгүй шинэ хувилбар байгаа, халдварын эрсдэл ихтэй байна. Ингэхийн тулд өөрийгөө хамгаалж, амны хаалтаа хэрэглээрэй. Замын-Үүдэд ковидийн вакцин болон шинжилгээ хийж байгаа.  Томуу болон ковидийн эсрэг вакциныг хийлгэснээс хойш 2-3 долоо хоногийн дараа  эсрэг биеийн хамгаалах түвшинд очдог учир аялахаасаа өмнө урьдчилан сэргийлэх тарилга хийлгэвэл халдвар авсан ч, хүндрэхээс хамгаалдаг.  

Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэгт нохойд хазуулсан есөн иргэнд галзуугийн эсрэг вакцин тарихыг андууран сүрьеэгийн вакцинийг 10-30 дахин их тунгаар хийсэн мэргэжлийн алдаа гарсан. Энэ есөн иргэн ХӨСҮТ-д эмнэлгийн тусламж авч байгаа. Эдгээр хүний хоёр нь элэгний В, Д вирусийн халдвартай тул уг эмгэгийг нь сэдрээхгүй байх тал дээр анхааран эмнэлзүйн байдалд нь дүн шинжилгээ хийх мэргэжлийн, зөвлөх багийнхан ажиллаж байна. Зөвлөх багт дүрс оношлогоо, уушги, лабораторийн, хүүхдийн гэх мэт мэргэжлийн, зөвлөх эмч нарын багийнхан чиглэл тус бүрээрээ ажиллаж байна. Ингэхдээ шинжилгээ, оношийг баталгаажуулах, эмнэлзүйн тусламж үйлчилгээг хүн, хүний нас, эрүүл мэндийн онцлогт нийцүүлэн тооцож байгаа аж.

Хазсан нохойнуудаас шинжилгээ авахад галзуугийн вирус тодорхойлогдоогүй тул нохойд хазуулсан есөн иргэн галзуу өвчин тусах эрсдэл бага гэж дүгнэсэн гэлээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна