АН-ын дарга Л.ГАНТӨМӨР: Би бүгдтэй нь уулзалтаа хийсэн. С.Эрдэнэтэй ч бас.

С.Бадарч
2023/01/23

АН-ын даргаар сонгогдоод удаагүй байгаа Л.Гантөмөртэй ярилцлаа.

-Юуны өмнө АН-ын даргаар сонгогдсонд тань баяр хүргэе. АН-Дээд шүүхэд хүсэлтээ хүргүүлсэн үү?

-Манай намын Их хурлаас намын даргаа батламжлаад намын Их хурал, ҮБХ-ноос гаргасан шийдвэрүүдийг Дээд шүүхэд хүргүүлэхээр Ж.Батсуурь гишүүн, Ч. Өнөрбаяр болон О. Цогтгэрэл дарга  нарыг томилсон. Тэд бичиг баримтаа цэгцлээд АН-ын бүртгэлд өөрчлөлт оруулах тухай хүсэлтээ энэ долоо хоногтоо багтаан Дээд шүүхэд хүргүүлнэ.

-Дээд шүүхээс намын даргыг батламжлахгүй буцаах тохиолдол өмнө нь нэг биш удаа болсон?

-Дээд шүүх чинь хүмүүс шүү дээ. Тэнд Дээд шүүхийн бүрэлдэхүүн болох 22 хүн байна. Энэ 22 хүн нийт бүрэлдэхүүнээрээ хуралдан хэлэлцэж, шийдвэрээ гаргадаг. АН өөрийн гэсэн дүрэмтэй. Улс төрийн намын хууль гэх зэрэг холбогдох хуулиудаа баримтлаад  шийдвэрээ гаргадаг юм билээ. Ер нь анзаарахад дундаж насны, ардчилалд итгэдэг, үеийнхээ шүүгчдээс тодроод гараад ирсэн гэх юм уу, тийм хүмүүс байгаа. Тийм хүмүүст би эргэлзэхгүй байгаа. Дээд шүүхийн шүүгч нар, тэдний өнөөдрийг хүртэл барьж байсан бодлого шаардлагаас харахад нэгдүгээрт АН-ын ҮБХ-ны олонхийг  бодитойгоор хуралдуулах. Хуулийн дагуу бүртгэл хийхийн тулд тэр баримтыг шаардана гэсэн шаардлага тавьж байгаа. Энэ шаардлагыг сая болж өнгөрсөн ҮБХ-ны  хурал хангачихлаа. 300 гишүүн цуглаад даргаа сонголоо. 

-Намын тань хэсэг бүлэг хүмүүс ҮБХ болдог өдөр  мэдээлэл хийсэн. ҮБХ-оос даргыг сонгосон нь  хууль бус, дүрмэнд харш гэсэн мэдээллийг өгсөн. Энэ тал дээр юу хэлэх вэ?

-Дүрмэндээ ҮБХ журмаа гаргаад намын даргаа тодруулна гэж байгаа юм. Журам нь ҮБХ-н дээр нэр дэвшүүлэх, нэг дээр нэмэх нь нэг хувийн санал авсан хүн сонгогдоно. Хуулиаараа бол Их хурал  батламжилна гэж байгаа. Их хуралд мэдээж аймаг, сум, дүүргийн төлөөлөгчид оролцож  батална. АН өөрөө олон ургальч үзлийг хүндэтгэдэг. Цөөнх бол мэдээж бий. Тэд үзэл бодлоо илэрхийлж байгаа. Намын даргаар сонгогдсон хүнд Их хурлаас цөөнхтэйгөө ярилц, ойлголц, нэгдсэн чиг шугаман дээр оч гэсэн даалгавар өгсөн. Тэгэхээр би тэр, энэ хүн гэж ярьмааргүй байгаа. Бид хэлэлцээрийн ширээн дээр суун ярилцаж байгаа. Үүнийгээ намын шийдвэрүүдэд тусгаад явна.  Цөөнхийнхөө бодол санааг сонсон ярилцаж, намынхаа шийдвэрүүдэд тусгаад явах бодолтой байгаа .

-Нам гурван ч хэсэг болчихлоо гэж харж байна. Цөөнх гэж нэрлэсэн тэр хэсэг бүлэг хүмүүстэйгээ эв зүйгээ олж, эвлэрэх тал дээр ямар ажлууд төлөвлөж байна вэ? Уулзалтууд эхэлсэн байгаа гэсэн?

-Ер нь бол уулзаж байна. Тогтвортой уулзалтууд хийгдэнэ. Тэгэхээр тэр яриагаа би хувьдаа гадагшаа задлахгүй. Ярилцлага бол амжилттай болно /Тун итгэлтэй хэлэв./

-Тэгэхээр ойлголцолл хүрэх боломж байна гэсэн үг үү ?

-Хүрнэ хүрнэ.

-Нааштай шинж тэмдэг гарсан уу?

-Өө мэдээж нааштай шүү дээ.

Ялангуяа С.Эрдэнэ даргатай ямар нэгэн байдлаар холбоо барьсан уу?

-Би бол бүгдтэй нь уулзалтаа хийчихсэн. Цаашдаа ч хийнэ.

-С.Эрдэнэ даргатай уулзчихсан уу?

-Тийм хийчихсэн /Уулзчихсан/.

-Баяр хүргэсэн хүмүүсээс хамгийн санаанд ороогүй ямар хүн байсан бэ?

- Энэ бол баяр хүргэхээр ажил биш шүү дээ. Энэ бол ачаа, хариуцлага, намыг эвлэрүүлэх үүрэг ирж байна. Гаднаа хүн бүү үлдээгээрэй. Ардчилал жаахан болчихлоо шүү дээ, 11, 12-хон УИХ-ын  гишүүнтэй. Хоёр Их хурал дараалаад ялагдчихлаа. Уг нь ард түмний дуу хоолой байх ёстой, төр барих эрхийг нь хамгаалдаг улс төрийн хүчин унтрахыг монголчууд, монголын ирээдүй зөвшөөрөхгүй. Ийм учраас хариуцлагаа сайн үүрээрэй, үүргээ сайн биелүүлээрэй, ачаагаа сайн үүрээрэй гэсэн захиасууд байгаа.

-Таны хэлсэнтэй санал нэг байна. АН-ын эвлэрлийг зөвхөн АН-ын дэмжигчид гэлтгүйгээр жирийн иргэд хүлээж байх шиг. Тэгэхээр цөөнхтэйгээ учраа олоод нэг цул болоод авбал хамгийн түрүүнд ямар ажлууд хийх вэ?

-Хамгийн түрүүнд иргэд дээрээ очих хэрэгтэй. Хамгийн эхний ажил энэ. Малчид, ажилчид, эмч, багш, шүүгчтэйгээ /гэх мэтээр тоочив/ ярилцах хэрэгтэй. Шийдэл, гарц гаргалгаа олох хэрэгтэй. Өнөөдрийн нийгмийн хямралыг хамтдаа шийдье. Бид иргэдийн өмнөөс хамаагүй ярьж болохгүй. Энэ эхний ажил. Хоёр дахь нь, хамтын удирдлага хийнэ, АН дээр. Нэг дарга бүгдийг шийддэг биш, тойрч суугаад гаргасан шийдвэр нь намын шийдвэр байна. Өрөөсгөл шийдвэр гаргаад түүнийгээ бусдаар зөвшөөрүүлэх гээд тэндээсээ зөрчил бий болдог өдийг хүртэл байгаа үндсэн үзэгдлийг хална. Эхлээд бөөнөөр шийднэ, гарсан шийдвэрээ иргэддээ танилцуулна, шийдвэр гаргахын тулд иргэдээсээ сонсоно. Чих нь онгойно. Гуравдугаарт, ардчилсан төрөө бэхжүүлэх ажил руу маш яаралтай орно. Иргэний байгууллагуудаа хүчтэй болгоё, улстөрийн намыг шилэн, ухаалаг, төрийн албыг тунгалаг болгох. Сүүлийн ажил бол хүмүүсийн бизнес хийх, үгээ хэлэх эрх чөлөөг хамгаалж, хадгалах. Монголчуудын эрх чөлөө бол монголчуудын хамгийн том баталгаа шүү дээ. Энэ зүйл дээрээ анхаарлаа төвлөрүүлээд уулзаж ярилцана.

-Эрх баригч намын зүгээс тогтолцооны өөрчлөлт, шинэ Үндсэн хууль гэдэг асуудлыг нэлээд хүчтэй тавьж байна. Магадгүй ирэх хаврын чуулганаар ярьж болох юм гэх асуудлыг улс төрийн хүрээнийхэн ярьж байгаа. Шинэ Үндсэн хуулийн тал дээр ямар байр суурьтай оролцох вэ?

-Улс төрийн шийдвэр дээр хамтын удирдлагатай болж байж ихэнх шийдвэр гарна. Хүмүүсээ сонсъё, юу гэж бодож байгаа юм бол. Тэгэхгүйгээр төрийн өмгөөллийг бид зөвхөн Үндсэн хуулийн харилцаагаар харж болохгүй. Хямрал,  асуудал хаанаа байгаа талаар судалгааны ажлууд явна. Өнөөдөр судалгаагаар гарч ирж байгаа хамгийн том тулгамдсан асуудал бол төр үнэгүйдсэн байна нэг, хоёрт ядуурал нүүрлэсэн байна. Энэ хоёр асуудлыг шийдэх гэж Үндсэн хуулийг өөрчлөх гэж байгаа бол зөв үү, буруу юу? Энэ хоёр асуудал гарч ирж байгаагийн мөн чанар нь хаана байна вэ? Энэ талаар уулзаж ярилцахгүй бол харагдахгүй шүү дээ. Бид сошиал дээр явж байгаа эзэн биегүй мэдээлэл дээр суурилаад шийдвэр гаргачихдаг. Тэр шийдвэр нь монгол төрийн, ялангуяа ардчилсан төрийн доройтол руу улам хурдтай хөтөлбөл яана. Иргэдийн хүсэл бодлыг яаж тээх вэ гэдэг бидний хувьд хамгийн чухал. Улс төрийн шийдвэрээ олноороо гаргана. Гантөмөр гэдэг хүн ганцаараа гаргахгүй.

-Та сая хамгийн өндөр санал авсан. Нэр дэвшигч З.Нарантуяа 12-хон хүний санал авлаа.  Үүнийг хувь хүн, улс төрчийнхөө үүднээс юу гэж тайлбарлах вэ?

-АН бол эвлэлдэн нэгдэхийг л хүссэн. Энэ хүслийн л үр дүн. Миний авч байгаа санал бол энэ намыг эвлэрүүлэх нь Гантөмөр юм биш үү, намыг хуваахгүй байх боломж энэ хүн дээр байгаа юм биш үү, ямар нэгэн байдлаар намын хуваагдлыг цаашаа гүнзгийрүүлэхгүйгээр эвлэрүүлээд байх боломж энэ нөхөрт байна гэсэн итгэл. Би тэр боломжийнхоо тухай л ярьсан. Ордон дотор яриад байвал хагаралдаад байх юм байна, ард түмэн рүүгээ гарья, хүмүүс дээрээ очъё, ажил хийе, ажил хийгч улс төрийн хүчин болъё, тэгвэл бид хагарах юм алга, завтай суугаад маргалдаад байх юм бол бутрах гээд байна гэсэн. Маш их ажил хийх юм байна.Шийдвэрээ гаргаад, бодлогоо зангидаад явна. Энэ санаанууд дээр хүмүүсийн санал бөөгнөрсөн.

-Генсек буюу нарийн бичгийн дарга гээд одоо шинээр томилох байх. Ер нь удирдлагын багтаа эмэгтэйчүүдийнхээ оролцоог хэр хангах вэ?

-Ер нь бол эмэгтэйчүүдээ нүүрэндээ гаргаж ирж байж  бид явна шүү дээ. Ер нь бол монголын нийгэмд эмэгтэйчүүдийн орон зай их өндөр байна. Эмэгтэйчүүдийн хүчийг ардчилсан төрийг бэхжүүлэхэд заавал дайчлах хэрэгтэй. /Нухацтай хэлэв/ Тэгэхгүй бол бид цаашаа явахгүй болчихлоо.

-Дээд шүүх бүртгэж авах нь тодорхой гээд та итгэлтэй байна. Сонгуульд олонхоороо ялалт байгуулна гээд зорилт тавьчихсан байгаа. Гэтэл сонгуульд бэлтгэх хугацаа нэлээд бага байна. Энэ олон хүмүүстэй уулзан олон ажлыг амжуулахад боломж нэлээд хомс биш үү?

-Сонгуулийг ганц хүн хийхгүй. 200 хүн иргэд рүү очино. Монголчууд цөөхүүлээ, нэг хүнтэй уулзах уулзалтад орох хүний тоо 50 мянга л байхгүй юу. Нэг хүн гараад 50 мянган хүнтэй уулз. Гантөмөр ч гарч ирээд уулзья. Бүгдээрээ уулзалт хийж, салбар салбар руугаа оръё. Иргэний нийгэмтэйгээ уулзья. 300 ҮБХ цугласан бол энэ 300-гаас цаашлаад сонгуульт ажилтан 20000 намын гишүүн байна Энэ 20000 чинь цаашаагаа задрах ёстой. Ганц хүний хийх ёстой ажил биш, улс төрийн нам гэдэг бөөнөөрөө багаараа ажилладаг.

-Сая эрх баригчдын зүгээс олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль батлаж гаргасан нь нэлээд шүүмжлэл дагуулж байна. АН-ын гишүүдийн хувьд ч энэ хуулийг дэмжихгүй байх дээр санал өгсөн. Гэсэн хэдий ч, олонхоороо хүч түрээд баталсан нь нийгэмд нэлээд асуудал дагуулж байна. Энэ тал дээр АН болон УИХ дахь АН-ын бүлгийн зүгээс ямар нэгэн улс төрийн акц хийх үү?

-Бид парламентад суудалтай намын хувьд үнэхээр алдаатай хууль баталсан бол энэ хуулийг зогсооно гэдэг дүрэмтэй. Хүч түрдэг нийгэм болж хувираад байгаа. Сайн хэрэлдэж байгаа нь ялдаг, ухаанаар уралдах биш. Хүч түрэх гэдэг бол ардчиллын ярилцдаг, зөвлөлддөг зарчмуудыг унагадаг. Үнэхээр болохгүй зүйлийг бид гаргаж ирэх хэрэгтэй . Энэ дээр судалгааны баг томилоод ажиллуулах хэрэгтэй. Тэндээсээ үнэхээр энэ болохгүй юм байна гэсэн дүгнэлт гарвал олон нийтээр хэлэлцүүлнэ. Тэр дүгнэлтээ эрх баригчдад танилцуулна. Энэ болохгүй байна, болдог хэсгийг нь ч авч болно шүү дээ. Тухайлбал, гадаадын албатуудыг бид “сошиал”-оос гаргамаар байна гэдэг хэсгийг нь авч болно. Одоо Монголын хоёр сая хүн дээр байгаа мэдээллийн “сошиал платформ”-ыг яг үгээ хэлэх эрхээ эдлээд, ашиглаж болохуйц хууль болгож явуулах ёстой.

-Энэ хууль дээр тусгайлсан судалгааны баг гаргаж ажиллах уу?

-Ажиллана. Ер нь бид болохгүй гэж иргэдийн шүүмжлэл дагуулж байгаа бүх хуулин дээр ажиллана. Саяын хууль бол ажиллах боломж олгосонгүй. Ер нь хурдан хугацаанд хийсэн бүх хуулийг эргүүлж татаад үзэх хэрэгтэй. Байнгын ажиллагаатай парламенттай улсын давуу тал тэр. Засч болдог.

-Нэгэнт баталчихсан хуулийг буцаагаад татах хүчингүй болгох ямар гарц гаргалгаа байдаг юм бол?

-Эрх баригч олонхитойгоо ярилцана, үнэхээр болохгүй байгаа зүйл чинь илрээд гараад ирнэ биз дээ, хууль хэрэгжихээр. Тэгэхээр ийм,ийм зөрчлийн акт бид тогтооно. Болохгүй байна гээд нэг “кейс” гараад ирлээ, нөхөд өө. Тийм учраас зогсоо. Ийм л юм руу бид явна.

-Тантай 2 эмэгтэй нэр дэвшин өрсөлдсөн. Намынхаа эмэгтэй манлайлагч нарыг багтаа  хэр оруулах вэ?

-Ер нь хамтарч ажиллана. 

-Таныг нэр дэвшигч С.Баярцогтыг унагах гэж ҮБХ-ны гишүүдэд 10 сая төгрөг өгсөн гэсэн яриа яагаад гарах болсон юм бол?

-Гүтгэлэг

-Хаанаас гаргасан юм бол?

-Би мэдэхгүй. Муу юм хайж байгаа хүн Монголд зөндөө байна. Монголыг муухайгаар харлуулдаг. Монгол дотроо ч муу санаатай хүн их байна. Айлд чинь сайн, муу хүүхэд байна биз дээ. Монгол гэдэг айлд бүх л юм байна. Цуурхлын араас би явмааргүй байна. Ер нь АН-ынханд нэг зарчим байдаг. Гүтгүүлчихээд орхичихдог. Бид энэ зарчмаа цаашаа барина. Гүтгэсэн болгоныг хайгаад  л, олоод л, тулалдаад байвал ажил үйл бүтэхгүй. Бид ажил хийх хэрэгтэй.

-Ярилцлага өгсөнд баярлалаа, амжилт хүсье.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.115.130
    2023/01/24

    энэ чадах уу? эрдэнэ уулзаж харагдаач

    Хариулах