“Эрдэнэс Тавантолгой” тээврийн С зөвшөөрлийг шинээр олгоно

Б.Номин-Эрдэнэ
2023/01/09

Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК энэ оны нэгдүгээр сарын 15-наас эхлэн улс хоорондын тээвэрлэлтийг С зөвшөөрлийг олгож эхэлнэ. Энэ нь нүүрсийг хилийн үнээр худалдан борлуулахтай холбоотой үйл ажиллагаа бөгөөд энэ талаар Засгийн газрын 362 дугаар тогтоолд тусган үүрэг болгосныг “ЭТТ” ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат өнөөдөр мэдээллээ.

Тэрбээр, нүүрсийг экспортоор хилийн нөхцөлөөр гаргахтай холбогдуулан эхний арга хэмжээ болох улс хоорондын ачаа тээврийн С зөвшөөрлийг “ЭТТ” ХК-иас уул уурхайн олборлолт болон экспортын үйл ажиллагаа эрхлэх компани, ААН-үүдэд олгохоор ЗТХЯ, АТҮТ шийдвэрлэсний дагуу хийхийг онцоллоо. Одоо зөвшөөрлийг нүүрсийг хил үнээр худалдан борлуулах, тээвэрлэлтийг гүйцэтгэх ААН-үүдэд ерөнхий гэрээний журмаар нээлттэй, ил тод байдлаар Төрийн худалдан авах агентлагаас зарласан тээвэрлэлтийн сонгон шалгаруулалтыг дүгнэн олгох аж. Ингэснээр С зөвшөөрөлтэй холбоотой мэдээллийг ил тод, нээлттэй болгож байна гэв.

Ингэхдээ Цагаанхадны нүүрс ачиж буулгах терминалуудад уурхайн амны нөхцөлөөр борлуулсан нүүрсийг хилээр нэвтрүүлэхэд шаардлагатай С зөвшөөрлийг ирүүлсэн хүсэлтэд хувь тэнцүүлэн олгохоор шийдвэрлэжээ. Энэ нь өнгөрсөн онд уурхайн амны нөхцөлөөр худалдсан нүүрс Цагаан хаданд овоорсонтой холбоотойгоор худалдан авагчийн авсан нүүрсийг энэ онд хилээр гаргах ёстой учир С зөвшөөрлийг олгоно гэв.

 

Ирүүлсэн хүсэлтийн тоо олговол зохих зөвшөөрлийн тооноос давсан нөхцөлд хүсэлт ирүүлсэн бүх ААН-д ижил зарчмаар шударгаар хуваарилахаа мэдэгдлээ. Энд олон нийтийн хяналтыг хангах, ил тод байлгах үүднээс тээвэрлэлт болон С зөвшөөрөлтэй холбоотой бүх мэдээллийг "ЭТТ" ХК-ийн ett.mn цахим хуудаст нээлттэй байршуулж буйг дуулгалаа.

Монгол Улс энэ оноос эхлэн шинээр экспортод гаргах нүүрсийг хил нөхцөлөөр, биржийн журмаар, цахимаар ил тод нээлттэй арилжиж борлуулна гэдгээ тэрбээр дахин мэдэгдлээ. УУХҮ-ийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг “ЭТТ” ХК болон Монголын Хөрөнгийн биржтэй хамтран бэлтгэл ажлыг хангаж, энэ оны 2 дугаар сарын 1-нээс хийхээр төлөвлөж байна гэв.

Тодруулга: С гэдэг нь Монгол Улс, БНХАУ-ын хооронд олон улсын байнгын ачаа тээврийн хил нэвтрэх, автомашинаар гүйцэтгэх зорчих (үнэт цаас бүхий) зөвшөөрөл аж. Энэ оны нэгдүгээр сарын 15 хүртэл хуучин С зөвшөөрлөөр буюу өнгөрсөн оныхоор явж, түүнээс хойш шинэ зөвшөөрлийг олгож явна. С зөвшрөөлийг өмнө нь АТҮТ-өөс олгож байжээ.

Энэ оны эхний улиралд нийт 7800 С зөвшөөрөл олгохоос 60 хувь буюу 4650 нь “ЭТТ” ХК-ийн тээвэрлэлтэд хамаарч байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна