ВАГОН ОСОЛДСОН ХАРИУЦЛАГЫГ МАШИНИСТАД ТОХООД ӨНГӨРӨХ ҮҮ, С.БЯМБАЦОГТ САЙД АА

info@focus.mn
2022/09/29

 Зүүнбаян өртөөнөөс Ханги-Мандлын төмөр замын чиглэлд ачаа ачсан "Монголиан транс ложистик" компанийн вагон замаас гарч унасан осол 2022.09.27-ны өдөр гарсан. Үүнтэй холбогдуулан Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өчигдөр яаралтай мэдээлэл хийв. Тэрбээр вагоны 2 машинистыг согтуу байсан хэмээн мэдээлээд хүний амь эрсдээгүй гэдгийг онцлов.

Тавантолгойн чиглэлийн төмөр замд энэ онд гэхэд 2 дахь удаагаа вагон осолдож байна.

Энэ оны гуравдугаар сарын  28-нд Тавантолгой-Зүүнбяан чиглэлийн төмөр замын Цогтцэций өртөө орчимд УБТЗ-ын эзэмшлийн  хоёр вагон тээвэрлэлт хийх явцдаа унаж осолдсон. Цагдаа, тагнуул, прокурор гээд  Ажлын хэсгийнхэн нийслэлээс яаран сандран хэргийн газар ажилласан боловч юунаас болсон, хэн хариуцлага хүлээсэн нь тодорхойгүй нам дарагдсан. Гэтэл одоо 6 сарын дараа Тавантолгой-Зүүнбаян  чиглэлийн яг энэ төмөр зам дээр бас нэг осол гарлаа. Ялгаатай нь согтуу машинистийн 100 хувь  буруу болоод дуусч байх шиг байна. Ингээд л боллоо гэж үү С.Бямбацогт сайд аа!

“Улны айл” гэх үгнээс болоод НХХ-ийн сайд огцорлоо. Гэтэл онцгой өндөржүүлсэн бэлэн байдалд ажилладаг Монголын төмөр замд осол аваар гарч байгаад хяналт тавьж, удирдлага менежмэнтээр хангаж ажиллаж чадаагүй  “Монголын төмөр зам” ТӨҮГ-ын ТУЗ-ийн гишүүд, гүйцэтгэх захирал П.Ганхүү нар ямар ч хариуцлага хүлээхгүй юу?

ФОКУС ФАКТ - 1

Төмөр зам бол маш хатуу дэгтэй, босоо удирдлагатай, машинистууд нь аялалд гарахаасаа өмнө болон аяллын төгсгөлд заавал эмчийн үзлэгт ордог! /Өмнө нь ордог байсан/. Гэтэл 1.37 болон 0.92 бүхэл согтолттой нь  урьдчилсан байдлаар тогтоогдсон гэж сайдын мэдэгдсэн тухайн 2 машинист  ийм өндөр хэмжээнд архидан согтууртлаа ажлаа хийж байгаа нь “Монголын төмөр зам” ТӨҮГ шат шатандаа хариуцлагагүй болсны баримт биш гэж үү С.Бямбацогт сайд аа?

“Монголын төмөр зам” ТӨҮГ-ийн гүйцэтгэх захирлаар Эрчим хүчний сайд асан П.Ганхүү энэ оны тавдугаар сард томилогджээ.  Сайдаас буугаад дарга, захирал болдог хэдхэн хүний нэг нь П.Ганхүү.  

Тэрбээр 2016 оны Ж.Эрдэнэбатын Засгийн газарт Эрчим хүчний сайдаар ажиллаж байгад огцорч,  2018 онд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон. Энд ажиллаж байхдаа охин компани болох “Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал Э.Номинчулуунтай хамтарч мөнгө “завшсан” хэрэгт нэр холбогдож байв. Гэтэл түүнийг энэ оны тавдугаар сард “Монголын төмөр зам” ТӨҮГ-ийн ТУЗ-ийн гишүүдийн олонхийн саналаар  гүйцэтгэх захирлаар томилсон байдаг.

 П.Ганхүүг “... Тус компанийн засаглалыг сайжруулж, үр ашгийг нь дээшлүүлэх чиглэлээр ажиллах туршлагатай” хэмээн томилсон үндэслэлээ тайлбарлажээ. Энэ нь одоо ч хэвлэлүүд дээр цагаан дээр хараар бичээстэй байна.  Харамсалтай нь томилогдоод энэ байгууллагын засаглал хэрхэн сайжирсныг энэхүү осол харуулав.


ФОКУС ФАКТ - 2

 П.Ганхүүг гүйцэтгэх захирлаар томилсон “Монголын төмөр зам” ТӨҮГ-ын төлөөлөн удирдах зөвлөл буюу ТУЗ нь 10 гишүүнтэй. Баримтуудыг фокуславал  дараах асуултад хариулт алга.

- Хэн хэн ажилладаг вэ?

- ТУЗ төмөр замын засаглал, үйл ажиллагаа, үр ашгийг сайжруулахад Гүйцэтгэх захирал П.Ганхүүд хяналт тавьж ажиллаж чаддаг уу?

- Хагас цэрэгжилттэй төмөр замын онцгой бүсэд машинустууд нь улсын онц чухал ачаа тээвэрлэх явцдаа архидан согтуурч, хурд хэтрүүлсэн зэрэг ажлын байрны аюулгүй байдал хангалтгүй сул байгаа хариуцлагыг гүйцэтгэх захирал П.Ганхүүтэй тооцох уу?

ТУЗ-ийн гишүүдийн жагсаалт: /Эх сурвалж : www.mtz.mn 2022.06.23-ны байдлаар/

1. Б.Артур - ТУЗ-ийн дарга - ЗТХЯ-ны ТЗДТБХЗГ-ын дарга

2.  Гишүүн Д.Балжинням - ЗГХЭГ-ын ахлах референт

3.  Гишүүн  Л.Булганхүү - ЗТХЯ-ны ТЗДТБХЗГ ахлах шинжээч

4.  Гишүүн  Ө.Батбаатар - ТӨБЗГ-ын ахлах мэргэжилтэн

5.  Гишүүн  Н.Ган-Эрдэнэ - ТӨБЗГ-ын мэргэжилтэн

6. Гишүүн  П.Бат-Эрдэнэ - ЗТХЯ-ны хуулийн хэлтсийн дарга

7. Д.Нар-Од - ТУЗ-ийн хараат бус гишүүн

8.  М.Гантөгс - ТУЗ-ийн хараат бус гишүүн

 9. Д.Энхжаргал ТУЗ-ийн хараат бус гишүүн

10. ТУЗ-ийн нарийн бичгийн дарга  Б.Энх-Өлзий - ЗТХЯ-ны ТЗДТБХЗГ-ын мэргэжилтэн нар тус тус ажилладаг юм байна.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар төрийн албаны шат шатанд ёс зүй, хариуцлагыг өндөр түвшинд шаардаж ажиллахаа харуулж байгаа. Үүний тод жишээ бол НХХ-ийн сайдад буруу үг хэрэглэснийх нь төлөө хүлээлгэсэн хариуцлага байв. Харин цаашид ЗТХЯ-ны тулгуур 2 баганы нэг болох төмөр замд энэ мэтчилэн осол аваарууд  гарч байгаад салбарын сайд нь хэн нэг машинистыг буруутган Төрийн ордонд “сайдын”  өндөрлөгөөс мэдэгддэг төдийгөөр аргацаадаг болчихвол олон хүний амь насыг эрсдүүлсэн Дарханы замын араас төмөр замынхан орж мэдэхээр хариуцлагагүй, хяналтгүй газар болсон байна  Ерөнхий сайд аа!



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.191.178
    2022/09/30

    Төмөр замаа муу барьсан уу? Юу хийж чаддаг монголчууд вэ?

    Хариулах
  • 150.129.142.217
    2022/09/29

    огцруулаач ээ.

    Хариулах