Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн ажлыг удаашруулсан Ховд аймгийн Засаг даргыг огцруулна

1 цаг 11 минутын өмнө

Өнөөдөр засгийн газар хуралдаж хэд хэдэн онцлох шийдвэрүүдийг гаргалаа.

Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар  Ерөнхий сайдаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хэлэлцлээ.

Энэ үеэр үүрэг даалгаврын биелэлт хангалтгүй буюу Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн ажлыг удаашруулсан Ховд аймгийн Засаг даргыг огцруулах шийдвэр гаргалаа" гэв. 

БШУЯ-ы сайд, Цахим хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Л.Энх-Амгалан "Монгол Улсын үндэсний цахим шуудангийн үйлчилгээг өнөөдрөөс нэвтрүүлж байна. 16-гаас дээш насны бүх иргэдэд цахим хаяг нээж, төрийн үйлчилгээг цахимаар хүргэдэг болно. Монгол Улсын хэмжээнд 3.8 сая иргэн ухаалаг гар утас хэрэглэдгээс 1.5 сая нь И-Монголиа  систем ашиглаж байна. Иргэн бүр цахим хаягтай болсноор иргэн төртэйгөө, төр нь иргэнтэйгээ шууд харилцах боломж нээгдэнэ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд:

  • 61 мянган иргэний гадаад паспортын хугацаа дууссан
  • 4950 иргэний иргэний үнэмлэхийн хугацаа дуусаж байгаа мэдээллийг иргэндээ шууд и-мэйлээр хүргэх тогтолцоонд шилжиж байна.

Мөн ААН-үүд тусгай зөвшөөрлийнхөө хугацаа дууссаныг мэдэхгүй явж байдаг. Энэ нь хүндрэл учруулдаг бол одоо төрөөс цахим шуудангаар мэдээлэл хүргэх болно.  

И-Монголиа системд одоогоор төрийн 680 орчим үйлчилгээ орсон. Цаашид 1200 үйлчилгээ болгож нэмэгдүүлнэ. Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн 80 мянга орчим хүүхдийг цахимаар бүртгүүлсэн байна. 8-р сарын 25-нд танай хүүхэд аль цэцэрлэгт хамрагдах тухай мэдээллийг цахимаар хүргэх болно" гэв. 

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Геодизи зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн барихаар боллоо. Энэ хууль 1997 онд батлагдсан. Одоо мөрдөж байгаа хууль гурван бүлэг, 15 зүйлтэй байсан бол шинэчилсэн найруулгаар зургаан бүлэг, 34 заалттай болж нарийссан. Геодизи бол улс орны хөгжлийн үндсэн суурь юм. Геодизийн тоон үзүүлэлт дээр суурилж бүтээн байгуулалт явагддаг.

Тухайлбал, Улаанбаатар хотод өнгөрсөн хугацаанд 360 гаруй геодизийн цэг тэмдэг байсан. Өмнөх 30 жилийн хугацаанд маш олон барилга баригдаж, зам тавигдсанаас дээрх 360 гаруй геодизийн цэг тэмдгийн тал нь устаж үгүй болсон. Эдгээр цэг тэмдэг байхгүй болсноор хот төлөвлөлтөд сөргөөр нөлөөлж байдаг. Тухайлбал,  өндөржилтийн цэг байхгүй болсноор тухай төсөлд хэрэгжүүлж байгаа аж ахуйн нэгжүүд газрын урууг харж барилгаа өндөр барьснаас үүдэн ус зайлуулах хоолой нь авто зам болж хувирсан. Тиймээс геодизийн салбарын эрх зүйн орчныг сайжруулах шаардлага үүсэж байгаа юм. Шинэчилсэн хуулиар мэдээллийн санг нэгтгэж байгаа. Хоёрдугаарт, мэдээллийг нийтийн болон тусгайлсан гэж ангилдаг болно. Ингэснээр зарим нууцлалтай газрын зураг, мэдээллийг ил болгож иргэн, аж ахуйн нэгж ашиглах боломжтой болох юм.

Монгол Улс нутаг дэвсгэрийнхээ 45 орчим хувийг 25 мянгын нарийвчлалтай масштаб зургаар хийж гүйцэтгэсэн байдаг. Үлдсэн 55 орчим хувийг хийж гүйцэтгэх ёстой. Энэ зураг байснаар томоохон төслүүд хэрэгжих үндэс суурь болох юм” гэлээ.  




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна