Амгалан ДЦС-ын 116 МВт-ын өргөтгөл дөрөвдүгээр сард ашиглалтад орно

Б.Намуунзаяа
2024/04/12

УИХ-ын хаврын ээлжит чуулганы үдээс хойших хуралдаанаар Сэргээгдэх эрчим хүчний үнэ тариф, баримталж буй бодлогын хэрэгжилт, хэтийн төлөвийн талаар Ерөнхий сайдын мэдээллийг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танилцууллаа. 

Мэдээллийн дараа УИХ-ын гишүүд түүнээс холбогдох асуулт тавьж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа: Улаанбаатар хотын цахилгааны эх үүсвэрийг нэмэгдүүлэхийн тулд дараагийн 3-4 жилд ямар хөтөлбөрүүд хийхээр төлөвлөж байна вэ. Захын хорооллууд руу барилгын төсөл хэрэгжүүлэх гэхээр эх үүсвэрийн дутагдал байна. Мөн Амгалан ДЦС доголдол үүсэж ойролцоох байрууд нь хөлдөх дөхсөн. Ийм асуудал одоогийн байгаа эх үүсвэрүүдэд ч тохиолдож байна. Амгалан ДЦС 116 МВт-аар нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байсан. Энэ ямар шатандаа байна вэ?

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн: Амгалан ДЦС-ыг дөрөвдүгээр сарын 18-ны өдөр ашиглалтад авахаар бэлтгэл ажлаа хийж байна. Бүтэн сайн өдөр буюу нөгөөдөр 11:00 цагт газар дээр нь очиж ажиллана. Дөрөвдүгээр сарын 18-нд холбох тооцоололтой байгаа. 

Төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээ 2023 онд хамгийн өндөр өсөлт үзүүлсэн. 11, 12, 1, 2 дугаар сард цахилгаан эрчим хүчний өсөлт жилд дунджаар 11.5-12 хувьтай байгаа. Иймээс 2023-2024 оны өвөл эдгээр сард эрчим хүчний систем хоногт дунджаар 100-160 МВт-ын алдагдалтай давж туулсан. Энгийн иргэдэд хөнгөллөө гэж ярьдаг. Гэхдээ энгийн яривал тог таслаад энэ өвлийг давлаа. 

2024-2025 оны өвөл өмнөх жилээсээ хэрэглээ дунджаар 250 орчим МВт-аар нэмэгдэх болов уу. 

Хэрэгжүүлж буй төслүүд

  • эхнийх нь БНХАУ-аас 80 МВт/цагийн эрчим хүчийг Оюутолгой төслийн цахилгаан эрчим хүчний хангамжийн шугамыг ашиглаад Сонгинын дэд станц хүртэл 80 МВт-ыг хэрэглэгчдэд импортлох
  • хоёрдугаарт Бөөрөлжүүтийн ЦС-ын 150 МВт-ын нэг блокийг аравдугаар сарын 1-нд ашиглалтад авахаар зорьж байна
  • гуравдугаарт энэ оны тавдугаар сарын дундаар Дорнодын ЦС 50 МВт-аар өргөтгөж байгаа.

Энэ гурван төсөл хэрэгжихээр нийтдээ 250 МВт-ын нэмэлт эх үүсвэртэй болно. 2024-2025 оны өвөл эрчим хүчний хэрэглээний нэмэлт 260 МВт-аас давахгүй бол өнгөрсөн өвөл шиг тодорхой хэмжээнд хязгаарлалтууд хийгдсэн байдалтай өнгөрөөх байх" гэв.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна