“Дэлхийн өсвөрийн энтрепренерүүдийн тэмцээн 2024”-д оролцох багууд шалгарлаа

Б.Намуунзаяа
2024/04/12

Япон Улсын Энтрепренершип хөгжлийн төвөөс олон улсын түвшинд зохион байгуулдаг “Global Youth Entrepreneurship Challenge” уралдаан “Уур амьсгалын өөрчлөлт ба хиймэл оюун ухаан” сэдвийн хүрээнд гурван үе шаттай явагдлаа. Өсвөр үеийнхний бүтээлч сэтгэлгээ, багаар ажиллах, илтгэх чадварыг технологи, шинжлэх ухаантай уялдуулан хөгжүүлэх зорилготой тус уралдааныг тав дахь жилдээ зохион байгуулж байна.

Эхний шатны шалгаруулалтад дөрвөн аймгийн 18 сургуулийн 35 багийн 214 хүүхэд оролцож, 1 минутын видео контент бүхий шийдлээр өрсөлдөв. 

Тодруулбал,

  • I шатанд “Бизнес санаа, шинэлэг байдал”, “Асуудлыг олж харах чадвар, шийдэл оновчтой эсэх”, “Видео чанар, бүтээлч байдал” гэсэн гурван үзүүлэлтээр монгол, англи хэл дээр тус тус найман багийн 96 сурагчдыг шалгаруулсан.
  • II шатанд буюу үндэсний тэмцээнд шалгарсан 16 багт бизнесийн боловсрол, энтрепренершип ур чадвар олгох дөрвөн удаагийн сургалт зохион байгуулсан.

Ийнхүү тэмцээний эцсийн шатны шалгаруулалтыг дөрөвдүгээр сарын 7-ны өдөр зохион байгуулж, англи болон монгол хэл дээр 3, 3 баг тус тус шалгарлаа. Ингэхдээ “Хэт их хэрэглээний нийгэм, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгахын тулд хиймэл оюун ухаан, дэвшилтэт технологи ашигласан шинэлэг санааг гарган бизнесийн төлөвлөгөө боловсруулах” сэдвийн дагуу 10 цагийн дотор бизнес санаагаа боловсруулж, бизнес төлөвлөгөө бичин, түүнийхээ дагуу бүтээгдэхүүний загвар гарган өрсөлдөв. Түүнчлэн англи хэл дээрх багууд 2024 оны тавдугаар сарын 25-нд Япон Улсад болох “Дэлхийн өсвөрийн энтрепренеруудын тэмцээн 2024”-т оролцох юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна