Г.Занданшатар: Газрын асуудлаар нийтийн өргөдөл санаачлагч болон дэмжсэн 100,000 иргэндээ талархал илэрхийлье

info@focus.mn
2024/04/12

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар гадаадын иргэнд газрын 100 жилээр эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын хуулиас хасах хуулийн төслийг хэлэлцэж баталлаа.  

Иргэд төрийн үйл хэрэгт шууд оролцох эрхээ УИХ-аар дамжуулан эдлэх Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлж, УИХ-ын нийтийн өргөдлийн цахим системийг нэвтрүүлсэн. 100 мянган иргэний дэмжлэг авсан саналтүүхэндээ анх удаагаа хууль болон батлагдаж байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар онцлоод, нийтийн өргөдөл санаачилсан иргэн Н.Номун-Эрдэнэ болон дэмжиж саналаа өгсөн Монгол Улсын 100 мянган иргэдэд тусгайлан талархал дэвшүүлэв.

Жирийн иргэн цахимаар хуулийн төсөлд саналаа өгч, үүнийг нь УИХ-аар хэлэлцэн баталж буй нь ардчилсан, цахим парламентын хөгжлийн тод жишээ боллоо. Өнөөгийн технологийн эрин зуунд цахим талбарыг зөв ашиглаж, эрх ашгийг нь хөндсөн заалтыг хуулийн төслөөс хасуулав. Иргэн хүн төрийн бодлогод саналаа хэлж, олноороо дэмжигдэж, хууль болон батлагдах үйл явц цааш цаашдын парламентад зөв үлгэр жишиг болно гэдэгт итгэж байна гэж УИХ-ын дарга Г.Занданшатар тодотгов.

2013 онд батлагдсан  Хөрөнгө оруулалтын тухай хуулинд “хөрөнгө оруулагчид газрыг 15-60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах хөрөнгө оруулалтын татварын бус урамшууллыг үзүүлж болно гэсэн заалт нь орсон байдаг. ГэвчГазрын тухай болон Үндсэн хуультай зөрчилдсөн тул өнөөг хүртэл хэрэгжээгүй. Хэдийгээр хэрэгжээгүй заалт боловч цаашид ийм санаархал гарахаас сэргийлж, хуулийн зохицуулалтаар хаалт хийнэ гэж УИХ-ын дарга мэдэгдэж байсан. Тэгвэл ийнхүү газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх заалт Монгол Улсын ямар ч хуулинд байхгүй боллоо.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна