ШИНЭ ХОРШИГЧДЫН ГАНЦ ҮХЭР НЬ 5 САЯАР ҮНЭЛЭГДЭХЭЭР ЧИНЭЭЛЭГ БОЛОЛГҮЙ ЯАХ ВЭ, МАЛЧИД

info@focus.mn
2024/04/12

Хоршоо гэхээр жаран жилийн өмнөх Монголын хөдөөг нэгдэлжүүлэн хоршоолох хөдөлгөөнөөр бүү ойлгоорой. Харин ч эсрэгээрээ малыг нь нийгэмчлэх бус малчдыг нь бизнесмэн болгож, малынхаа ашиг шимийг орчин үеийн зах зээлийн зарчмаар нэмүү өртөг шингээн улам их ашиг орлоготой болгох хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх гэж байна.  Өнгөрсөн 30 жилийн хугацаанд малынхаа тоо толгойг өсгөж “Мянгат малчин” болчихвол баян тарган, чинээлэг хангалуун болчих юм шиг уралдацгаасан. Үр дүнд нь Монголын мал сүрэг 60-70 сая болж өссөн ч малчдын ахуй амьдрал дийлэнхээрээ баян чинээлэг болж чадаагүй. Харин ч мал дагаж “мал” болсон малчид байгалийн гамшиг, ган зудад нэрвэгдэн нэг л өдөр мал ч үгүй хотоо харлуулан хот хүрээ бараадан модоо барьсан малчдын тоо чимээгүй өссөөр байгаа нь хатуу ч гэсэн үнэн билээ. Малын тоо өссөн ч махны үнэ буурахгүй жилийн дөрвөн улиралд үнэ нь өсч бууран савалгаатаж, мал махны үнэ нь  жилээс жилд тэнгэрт хадах болсон. Гэсэн ч Монголд малчид нь баяжаад байгаа юм алга.  Хол ойрыг бодож хотныхоо захад зарсан үхэр нь хотод ирээд хэд дахин өсч байгаад малчид байтугай төр засаг ч хяналт тавьж зохицуулж чадахаа больсон.  Ченжүүдэд 200 кг жинтэй үхрээ ганц сая төгрөгөөр бөөндөөд тэр нь захын лангуун дээр ганц кг нь 20 мянган төгрөгөөр зарагдаж,  ганц үхрээс таван сая төгрөгийн ашиг орлого олж байна.  Замын зардал, бензин тосноос өөрөөр зардалгүй шахуу мал, мах ченжүүдийн гараар дамжсанаар ашиг орлого нь ийнхүү 4-5 дахин өсч хэрэглэгчдэд хүрдэг. Энэ ашгийг нь малчид өөрсдөө хүртэх боломжийг “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрөөр олгох гэж байна.


40-50 жилийн өмнө “Мал дагавал ам тосдоно”, Малын буян их” гэж монгол хүмүүс ярьдаг байлаа. Малынхаа тоо толгойг 1000 хүргэсэн бол баян хэмээн гайхуулдаг байлаа. Харин өнөөдөр байгалийн гамшиг ган зуд, бэлчээрийн хомсдол зэргээс шалтгаалж 1000+ малтай болсон ч мал дагасан ядруу зутруу хүмүүсийн эгнээнд малчид ордог боллоо.  Хэдэн малаа барьцаалж банкнаас зээл авч хэрэглээгээ хангах, хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг төлөх төдийгөөр орчин үеийн малчид малынхаа буянг эдэлж байгаа. Банкинд өргүй малчин Монголд үлдсэнгүй. Мал нь малчнаа тэжээгээд байна уу, малчид маань банкны төлөө ажилладаг өр, зээлийн эргүүлэгт орцгоосон.  Ийм үед мал дагаж насаа барах хүмүүс ч ховордож мянган жил өвлөгдсөн Монгол соёл, уламжлалд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрээд байна. Цаашид яах вэ? Малчдад  бизнес хийх, малын мах түүхий эдээ боловсруулах, үйлдвэрлэл болгон хөгжүүлэх эдийн засгийн боломж бий бил үү?

 Бизнес хийхэд хамгийн чухал зүйлийн нэг бол хөрөнгө оруулалт. Малнаасаа өөр барьцаа хөрөнгөгүй малчдад бизнесийн зээл авах нь тэнгэр шиг хол байлаа. Харин одоо “Шинэ хоршоо-чинээлэг малчин” хөтөлбөр хэрэгжиж эхэлбэл 20-50 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авах боломж бүрдээд байна.

 Энэ хөтөлбөрийн эрх зүйн орчныг бүрдүүлэхээр хэдхэн хоногийн өмнө ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан УИХ-д хуулийн төсөл өргөн барьсан.  Үүнийг УИХ дэмжиж баталбал малчид, малын эмч, зоо техникч зэрэг МАА-н салбарын 9-өөс доошгүй хүмүүс нэгдэн хоршоо байгуулаад жилийн 6 хувийн хүүтэй 3-5 жилийн хугацаатай хөрөнгө оруулалтын зээл авах боломж бүрдэх нь ээ.


 МАЛЧДЫН 20-50 САЯ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛИЙГ 80-100% БАТЛАН ДААНА

Хөрөнгө оруулалтын зээлд яаж хамрагдах вэ гэж үү. Зээлд хамрагдахын тулд Хоршоо байгуулна. Энэ хоршоо нь доод тал нь 9 хүнтэй байна. Хоршоогоо албан ёсоор байгуулсны дараа  хоршооны гишүүнд хөнгөлөлттэй зээл авах эрх үүснэ.  Энэхүү зээл жилийн 6 хувийн хүүтэй, 3-5 жилийн хугацаатай. Эхний 12 сар үндсэн төлөлтгүй.  200 хүртэл малтай бол 20 хүртэл сая төгрөгийн зээлийн 100 хувийг , 20-40 сая төгрөгийн зээлийн 90 хувийг, 40-50 саяын зээлийн 80 хувийг нь Батлан даалтын сан даана.  Гэхдээ авсан зээлийг зөвхөн Хоршооны хөрөнгө оруулалтад  зарцуулах ганц болзолтой. Өөрөөр хэлбэл малынхаа мах, түүхий эдийг боловсруулж нэмүү өртөг шингээх үйлдвэрийн тоног төхөөрөмжтэй,  тэжээлийн талбайтай, түүхий эд бэлтгэх цехтэй, агуулахтай, малын хашаатай чинээлэг малчид энэхүү хоршооноос төрнө. Мэдээж алдана, ононо. Гэхдээ алдаагүй амжилт гэж байдаггүй болохоор ямар ч байсан ашиг их олдоггүй юм аа гэхэд алдаад дампуурах нь цөөн. Ашигтай ажиллуулж чадвал Монгол малчид Шинэ Зеландын малчид шиг хэдхэн жилийн дотор нэг малын ДНБ-д бүрдүүлж буй дүнг 5-6 дахин нэмэгдүүлэн 311 ам.долларт хүргэж чадсан амжилтанд хүрч чадна гэж судлаачид үзэж байна. Одоогийн байдлаар манайд 2010 оноос хойш малын тоо 97 хувиар өссөн ч нэг малаас ДНБ-д бүрдүүлсэн дүн 31-хэн ам.доллар байна.  Ийм байхад Монголд “Мянгат малчид” хэдэн мянгаараа нэмэгдсэн ч аж амьдрал нь  өсч дэвждэггүй, ган зудад аргаа барсан малаа дагасан малчдын тоо л нэмэгдэхээс чинээлэг, дундаж давхарга руу орох боломж бага гэж үзэж байгаа аж.

 ЧИНЭЭЛЭГ  МАЛЧИН ХӨТӨЛБӨРТ ТА НЭГДЭХ ҮҮ?

Засгийн газрын хийсэн судалгаагаар “Хоршоо байгуулбал Та нэгдэх үү?” гэсэн асуулгад оролцогчдын 68 хувь нь нэгдэнэ гэж хариулжээ. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Нэг өдөр л нэгд гээд нэгдэлжих, хоршоолох хөдөлгөөн өрнүүлэхгүй” гэсэн ч эрх зүйн орчин болон хөрөнгө оруулалтын асуудлыг нь шийдээд өгчихвөл байгалийн ган зуд, түүхий эдийн үнэ хямд зэргээс болоод амьдрал, ахуй нөхцөл нь жилээс жилд дордсоор байгаа малчид мал мах, ноос ноолуур, сүү цагаан идээ гээд чиглэл чиглэлээрээ нэгдэн нийлж тооноос чанарт шилжүүлэх төрийн бодлогыг сонирхож байгаагаа “Шинэ хоршоо-чинээлэг малчин” хөтөлбөрт оролцсон 21 аймгийн 170 гаруй малчид илэрхийлж байлаа.

Монголд байгаа 170 мянган малчин өрхийн маш цөөн хувь нь бизнесийн зарчмаар ажилласан. Ардчиллын үр шимээр малчид хувьдаа өмч, хөрөнгөтэй, хувийн малтай болсон ч ашигтай байлгах хувилбараа мэдэхгүй, аж ахуй удирдах сэтгэхүй, хандлагагүйгээр өнөөдрийг хүрчээ. Тиймээс  одоо үүнийгээ өөрчлөхийг зорьж эхэлсэн нь цаг үеийн шаардлага, хэрэгцээ, дэм дэмэндээ нийлж хоршиж, МАА-н салбарт, малчдад “бизнесийн” бодлого хэрэгтэй болсыг харуулж байна.


Д.АЛТАЙ

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна