Лавлагаа шатлалын ЭМБ-уудын даатгуулагчдад үзүүлсэн тусламж, үйлчилгээний чанар, төлбөрийн нэхэмжлэлд хяналт хийлээ

Б.Намуунзаяа
2024/02/08

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг худалдан авагч байгууллага болж, стратегийн худалдан авалтын үйл ажиллагааг 4 дэхь жилдээ хэрэгжүүлэн ажиллаж байна.

Энэ хүрээнд гэрээтэй ЭМБ-иудаас худалдан авч байгаа тусламж үйлчилгээ нь иргэдийн эрүүл мэндийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн, олон улсын удирдамжид заасан эмчилгээний шалгуурын дагуу үзүүлсэн эсэхэд чанарын хяналтыг хийж, санхүүжилтийг олгодог. 

Үүнтэй холбоотойгоор ЭМДЕГ-ын Тусламж үйлчилгээний чанар, төлбөрийн хяналтын газраас гэрээ бүхий лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагуудаас  үзүүлсэн тусламж, үйлчилгээ, хэвтэн эмчлүүлсэн, оношилгоо шинжилгээнд хамрагдсан даатгуулагчийн өвчний түүх болон холбогдох баримтад нарийвчилсан хяналтыг сар бүр зохион байгуулдаг.

Улмаар лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагуудын 2023 онд үзүүлсэн тусламж, үйлчилгээнд нарийвчилсан хяналт хийхэд дараах зөрчлүүдийг илрүүллээ. 

Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээнд өндөр өртөг бүхий оношоор ЭМД-ын сангаас зардал ахиулан нэхэмжилсэн.

Хөх томруулах гоо сайхны мэс засал хийж Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлыг нэхэмжилсэн.

Өдрийн эмчилгээнд хамрагдсан даатгуулагчийн зардлыг хэвтүүлэн эмчилсэн өртөг өндөр зардлаар ЭМД-ын сангаас нэхэмжилсэн.

Нэг даатгуулагчийн  оношилгоо, шинжилгээний дүгнэлтийн овог нэр, огноо, шинжилгээний үзүүлэлтийг засварлаж, хуурамч баримт бүрдүүлэн хэд хэдэн даатгуулагчийн өвчний түүхэнд хавсаргасан.  Даатгуулагчийн овог нэр, нас хүйс, шинжилгээ хийсэн огноо байхгүй, нэг ижил бүдэг зурган шинжилгээний дүгнэлтийг олон өвчний түүхэнд хавсаргасан.

Зарим өвчний түүхэнд эмийн тун огт бичихгүй байх,  өвчтөнд антибиотик хийх заалтыг үндэслэлтэй гаргахгүйгээр антибиотикийг уухаар, тариагаар давхардуулан замбараагүй хэрэглэсэн.

Хэвтүүлэн эмчлэх болон өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээнд илгээхдээ эмчлэх, оношлох заалтыг үндэслэлтэй тодорхой гаргаж бичдэггүй.

Мэс заслын боолтын материал өвчтөний ар гэрээс гаргуулсан.

Шаардлагатай оношилгоо, шинжилгээг хийгээгүй зэрэг зөрчлүүд илэрч байна. 

ЭМДЕГ-аас дээрх зөрчлүүдийн мөрөөр авах арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлж ажиллаж байгаа бөгөөд лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагуудын иргэдэд үзүүлсэн тусламж, үйлчилгээний нарийвчилсан хяналт үргэлжилж байна. Цаашид гэрээтэй Эрүүл мэндийн байгууллагуудад нэхэмжлэлийн нарийвчилсан хяналтаар илэрсэн зөрчлийг цувралаар хүргэх болно.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна