Чуулган: Нийтийн мэдэх эрхийг хязгаарлаж болохгүй, нөгөө талаар гүтгэхгүй байвал шоронд орохгүй

Б.Номин-Эрдэнэ
2023/03/17

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ.  Хуралдаанаар Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль болон дагалдах хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуулаа. 

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:-Засгийн газар болон УИХ-ын нэрэнд сэв суулгасан шүү. Хүний эрхийн асуудал хөндөгдөөд байгаа асуудлыг авч үзэж, дахин хэлэлцэх учиртай. Хүний эрх дээдэлдэг ардчилсан засаглалтай парламент анхаарах хэрэгтэй. 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:-Зэвсэгт хүчний нийт алба хаагчдад баярын мэнд хүргэе. УИХ-ын чуулганы хуралдаан руу оруулж ирэхэд ийм асуудал гарах вий гэж бодож байсан юм. Цахим орчинд хүний эрхийг хамгаалах хуулийн төслийг анх УИХ-д оруулж ирэхэд хууль боловсруулах шаардлага, судалгаа, шинжилгээг хийсэн үү, олон нийтийн санал бодлыг хэрхэн тусгасан бэ гэдгийг анхаарах ёстой гэдгийг энэ хуулийн төсөл харууллаа. 48-хан цагийн дотор баталсан шүү дээ. Хууль батлах процесс том сургамж боллоо. Ерөнхийлөгчийн хориг цагаа олсон. Хүлээж авахыг дэмжиж байна.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: -Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах гэсэн нэртэй боловч олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хязгаарлах, боомилох агуулгатай хуулийг намрын чуулганы сүүлийн өдөр баталсан. УИХ дахь АН-ын бүлгээс гурван ч удаа завсарлага авсан. Бүхий л чадлаараа эсэргүүцсэн. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зөв. Харин дараа нь Засгийн газар болон холбогдох албан тушаалтнууд ийм агуулга бүхий хуулийн төслийг өргөн барихгүй байх гэдэгт найдаж байна. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:-Нийгмийн хэрэгцээ шаардлагыг ч ойлгож байгаа. Хийгүй, чамбай хууль хийгээрэй гэдэг гол чиглэл өгч байгаа юм. Нийтийн мэдэх эрхийг хязгаарлаж болохгүй. Гүтгэхгүй байвал шоронд орохгүй шүү дээ. Манай хэвлэл мэдээллийнхэн хуулиас "гүтгэх" гэдэг үгээ ав гээд байдаг. Гүтгэхгүй л байл даа. Би гүтгэлгийн заалтыг хатуу болгох гээд чадаагүй. 

Эх сурвалж:www.polit.mn


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна