С.Баярцогт: Гадна, дотноос хөрөнгө татан Хөгжлийн банкны санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгосон

С.Бадарч
2023/03/13

Хөгжлийн банкны нотлох баримт шинжлэн судлах хяналтын сонсгол үргэлжилж байна. АСЕМ Вилла хотхонд олгосон зээлийн зарцуулалттай холбоотой асуудлаар гэрчүүдээс асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн Б.ЭНХБАЯР:

-Тухайн үед төр төлөөлж шийдвэр гаргаж байсан хүмүүсээс Ц.Элбэгдорж ерөнхийлөгч ирээгүй байна. Үндэсний зөвлөлийг Ч.Сайханбилэг ерөнхий сайдаар ахлуулж байгуулсан. С.Баярцогт сайдаас төлөөлөөд ерөнхий асуулт асууя. АСЕМ буюу Ази Европын дээд хэмжээний уулзалт Монгол Улсад амжилттай зохион байгуулагдсан. Өнөөдрийн түр хорооны хүрээнд энэ хуралдааны улс төрийн бусад үр дүн ач холбогдлын талаар хэлэлцэхгүй. Зөвхөн арга хэмжээг зохион байгуулсантай холбоотой Хөгжлийн банкны эх үүсвэр гарсан. Түүний зарцуулалттай холбоотой шинжээчийн дүгнэлттэй танилцаж байна. Уг уулзалтыг Хөгжлийн банкны эх үүсвэрээр зохион байгуулъя гэдэг шийдвэрийг хэзээ яаж шийдсэн бэ?

Гэрч С.БАЯРЦОГТ:

-Өнөөдөр Монголчуудын хувьд түүхэн тэмдэглэлтэй өдөр тохиож буй учраас сэдвийн гадуур ганц зүйл хэлэхийг хүсч байна. 14 жилийн өмнө Оюутолгойн гэрээг 2009 оны аравдугаар сарын 6-нд байгуулсан. Энэ гэрээ Монголчуудын хувьд гурван УИХ, таван Засгийн газар дамжин хийгдсэн хөрөнгө оруулалтын гэрээ болсон. Оюутолгойн үйлдвэрлэл ил болон гүний уурхайгаас бүрддэг. 20 хувь нь ил уурхай, 80 хувь нь далд уурхайгаас бүрддэг.

УИХ-ын гишүүн Б.ЭНХБАЯР:

-С.Баярцогт сайдаа би таны яриаг таслах нь ээ. Танд үг хэлэх бололцоог олгосон шүү дээ. Нотлох баримтын хүрээнд ярьчих.

Гэрч С.БАЯРЦОГТ:

-Би яагаад энийг ярьж байна гэхээр найман жилийн өмнөх асуудлыг надаас асууж байна. 14 жилийн өмнө болсон үйл явдалтай холбогдуулаад гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил жигдрээд анхны бүтээгдэхүүнээ гаргаж байгаа өдөр юм. Оюутолгойн гэрээг байгуулсан УИХ, Засгийн газрын зүгээс Монголын нийт ард түмэнд чин сэтгэлийн халуун баяр хүргэе. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан АСЕМ гэдэг бол Ази, Европын дээд хэмжээний уулзалт. Европын 30, Азийн 21 орон олон улсын хоёр байгууллага орсон маш том нээлттэй платформ байгаа. Ингээд 12 жилийн дараа Монголд дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах боломж бүрдсэн. АСЕМ-ийг улс төрийн дэлхийн олимп гэж үздэг.

Ер нь дэлхийн хүн төрөлхтөн олимпын тоглолтыг дөрвөн жилд нэг удаа хүлээдэг. Дэлхийг экспог таван жилд нэг удаа хүлээдэг. Энэхүү уулзалтыг зохион байгуулалт сайтай хийхгүй бол улс орнууд ашиггүй гардаг тохиолдол бий болдог. 2014 оны арванхоёрдугаар сарын 30-нд Ерөнхийлөгчийн зарлигаар АСЕМ-ийг 2016 онд Монгол Улсад зохион байгуулах, АСЕМ-ийн 11 дэх хэмжээний дээд хэмжээний уулзалт, АСЕМ-ийн 20 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэрийг Ерөнхийлөгчийн зарлигаар гаргасан. Ажлын хэсэг, Үндэсний зөвлөлийг Ерөнхий сайдаар ахлуулсан. Үндэсний зөвлөлийн орлогчоор гадаад хэргийн сайд, ЕТГ-ын Тамгын газрын даргыг томилуулж ажиллуулсан. ЗГХЭГ-ын дарга Үндэсний зөвлөлийн гишүүнээр ажиллаж байлаа.

Дараа нь АСЕМ-тай холбогдуулаад Монгол Улсыг хөгжүүлэх, нийгэм эдийн засгийн үндсэн чиглэлийг хэлэлцэх үед 21 дүгээр зүйлд Монгол Улсын эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн зорилт чиглэлийн энхийг эрхэмлэсэн, нээлттэй идэвхтэй олон тулгуурт гадаад бодлого явуулна гэсэн бүлгийн 21.1.4-т уулзалтыг 2016 онд Улаанбаатар хотод зохион байгуулах ийм шийдвэрийг УИХ гаргасан.

Өмнө хийгдсэн дээд хэмжээний уулзалтаас туршлага судалсан.Тухайн үед би ЗГХЭГ-ын дарга байсан. Сангийн сайдын үүргийг давхар хариуцаж байсан. 2015 оны наймдугаар сарын 6-нд манай Засгийн газрын бүрэлдэхүүнд байсан МАН-ын гишүүдийг огцруулсан. Ингээд сар гаруйн дараа Засгийн газрын зарим гишүүнийг нөхөн томилж Сангийн сайдын үүргийг давхар хариуцаж байсан. Тухайн үед Засгийн газраар хэлэлцээд 337 дугаар тогтоолыг гаргасан. Ингэхдээ, Хөгжлийн банкны 7.1.1, 16.2 дах заалтыг үндэслэн энэ шийдвэрийг гаргасан. 2011 онд Сангийн сайдаар ажиллаж байхдаа Хөгжлийн банкны тухай хуулийг би өөрөө санаачилж боловсруулж батлуулсан. 226 дугаар тогтоолыг хэлэлцэж байхад Сангийн сайдаар Ж.Эрдэнэбат ажиллаж байсан. Энэ хоёр тогтоолыг энд байгаа хүмүүс анхаарах хэрэгтэй. Засгийн газрын тогтоолыг Ерөнхий сайд, асуудал оруулсан сайд гарын үсэг зурж баталгаажуулдаг. Энэ хоёр тогтоолд хоёуланд нь Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайд, Сангийн сайд гарын үсэг зурж энэ тогтоол баталгаажсан. 226 тогтоолыг Хөгжлийн банкны хуулийн 8.1-ээр үндэслэсэн. Хөгжлийн банкны 7.1.1 бол зээл авах, олгох гэсэн асуудал бий. 8.1 нь бол зээл олгохдоо УИХ-аас баталсан Хөгжлийн хөтөлбөрийг санхүүжүүлэхэд зээлийг олгоно гэх заалт байгаа.

Хөгжлийн банкны хуулийг яагаад баталсан бэ гэхээр 2016-2018 онд эдийн засгийн эрчимтэй өсөлт бий болсон. Төсвийн илүүдэлтэй болсон. Төсвийн орлого, зарлага эрс нэмэгдсэн. 2008 оны наймдугаар сар гэхэд зэсийн үнэ 8000 байснаа 6000 мянга болон эрс буурсан. Дэлхий нийтийг хамарсан хямрал эхэлсэн. Өөрөөр хэлбэл, хоёр жилийн хугацаанд Монголчууд эдийн засгийн хямралын циклийг мэдэрч эхэлсэн. Түүхий эдийн үнэд суурилсан уул уурхайгаас хараат эдийн засаг өөрөө үйл ажиллагаа явуулахдаа төсвийн сахилга бат өндөр байхгүй бол болохгүй гэдэг нь харагдсан. Энэ хугацаанд төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг баталж мөрдүүлсэн. Энэ хугацаанд эдийн засаг хасах 1.6 хувь хүртэл агшсан учраас ОУВС-тай “stand by” хөтөлбөрийг 18 сарын хугацаанд амжилттай хэрэгжүүлсэн. Энэ хугацаанд төсвөөс ирэх зардлыг хязгаарласан. Ийм үед бүтээн байгуулалтыг яаж явуулах вэ гэдэг асуулт босч ирсэн. Тиймээс төсвийг оролцуулахгүй зээлжих зэрэглэлийг үндэслээд гадна, дотноос хөрөнгө татаж Хөгжлийн банкны санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгож УИХ-аас баталсан жагсаалтаас Хөгжлийн банк өөрөө санхүүжүүлэх эрхтэйгээр энэ хуулийг баталж гаргасан. Хөгжлийн банкны хувь нийлүүлэгч нь Засгийн газар, Засгийн газрын хуралдаан бол хувь нийлүүлэгчдийн хуралдааны төлөөлнө. Засгийн газрын хуралдаанаар ТУЗ-ийг байгуулна. ТУЗ гүйцэтгэх удирдлагыг олон улсын сонгон шалгаруулалтаар зохион байгуулж захирлыг томилох ёстой.

УИХ-ын гишүүн Б.ЭНХБАЯР:

-Хэзээ орон сууц болгох шийдвэр гаргасан бэ. Ямар зөвшөөрөл олгож байсан бэ?

Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.БАТ-ЭРДЭНЭ:

-АСЕМ Вилла-тай холбоотой 2015 оны долдугаар сарын 3-ны өдөр тухайн үед Д.Оюунхорол сайд ажиллаж байсан, тус сайдын тушаал гарсан байдаг. Үүний дагуу 2015 оны долдугаар сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн Богд хан уулын Хүрхрээгийн аманд нийтдээ 4 га талбайг Мариот ХХК-д олгосон байдаг. 2015 оны наймдугаар сарын 6-ны өдөр улсын тусгай хамгаалалтын газар нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ албан ёсоор байгуулагдсан. Гэрээний дагуу амралт аялал жуулчлалын бааз нь нэг ээлждээ 100-150 хүн хүлээн авах хүчин чадал бүхий дээд зэрэглэлийн 50 зочид буудал зоогийн газар, авто зогсоолоос бүрдэнэ гэсэн гэрээг албан ёсоор байгуулсан. Хувийн орон сууц барих зөвшөөрөл гараагүй. Аялал жуулчлалын зориулалтаар явж байгаа.

АСЕМ Вилла төсөлд Хөгжлийн банкнаас дамжуулан олгосон 125 тэрбумын зээл түүний зарцуулалттай холбоотой шинжээчийн дүгнэлттэй танилцаж дууслаа. Дараа нь арилжааны таван банкаар дамжуулан АСЕМ-ийн хүрээнд олгосон нийт 16 зээлдэгчид олгогдох 108.4 тэрбумын зочид буудлын зээлтэй холбоотой асуудлыг сонсоно.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна