ЭМЯ: Ходоодны хавдрын 44 тохиолдлыг эрт илрүүлгээр оношилсон

info@focus.mn
2024/02/07

ЭМЯ-наас эрт илрүүлгийн явцыг танилцуулав. Нийт 1.3 сая хүн энэ үзлэгт хамрагджээ. Хараахан амжаагүй байгаа иргэд үзлэгтээ заавал хамрагдаарай гэж тус яамнаас уриалж, дараах мэдээллийг өглөө.

Энэ долоо хоногийн баасан гараг хүртэл үзлэг үргэlжилнэ. Байршлаар харвал нийслэл болон орон нутгийн иргэдийн хамрагдалт 50/50 хувь буюу ижил байна.

Насны бүлгээр харвал 0-18 хүртэл насны хүүхдүүдийн хамрагдалт бусад насныхантай харьцуулбал хамгийн бага байжээ. Давхардсан тоогоор нийт 964 мянган хүн ямар нэг байдлаар өвчтэй байна гэж оношлогджээ. Тэдний 57 хувь нь ходоодны шарх, улайлт гэх мэт өвчтэй байгааг та бүхэн онцгой анхаараарай гэв.

Дотоод шүүрэл, бодисын солилцооны өвчин, шээс бэлгийн тогтолцооны өвчин мөн их зонхилжээ. 0-18 насны хүүхдүүд, залуучуудын дунд шээс, бөөрний замын өвчин, залуучуудын дунд бэлгийн замын өвчлөл өндөр байна. Залуус бэлгэвч хэрэглэх, нэг хавьтагчтай байх тал дээр учир дутагдалтай байна гэв.              Эдгээрийн дараа зүрх судасны өвчлөл түгээмэл байна. Сүүлийн арван жилд зүрх судасны өвчлөл нийт хүн амын дунд хамгийн их тархсан байсан бол эрт илрүүлгийн дүнгээр дөрөвдүгээрт оржээ. Үүнд зүрх судасны өвчний төвүүдийг олноор байгуулсан, олон нийт рүү чиглэсэн, мэдээлэл өгөх (таргалалтаас сэргийлэх, жингээ хасах, явган алхах, эрүүл хооллохыг зөвлөсөн мэдээллүүд) ажлууд үр дүнгээ өгчээ.

Тамхины хэрэглээ манай улсад өндөр хэвээр байна. Хүмүүс дотор орчинд татах нь буурсан ч гадаа гараад их татаж байна. Охид тамхи их татаж байна. Залуус ахмад настнуудын дэргэд тамхи татахаас эмээдэг байсан үе өнгөрчээ. Залууст тамхины хор хөнөөлийн талаар анхааруулахад хүлээн авдаггүй, уурлаж буримдаж байна. Тамхи татдаг иргэдийн дийлэнх нь эрэгтэйчүүд байсан бол одоо хүйсийн хувьд ялгаагүй болж байна.     

Мөн нийт хүн амын дунд жимсний хэрэглээ бага байна. Өдөрт 400 гр жимс жимсгэнэ идэх ёстой ч үүнээс бага хэрэглэж байна.        

Чихрийн шижин үзлэгт хамрагдсан нийт хүн амын 8.4 хувьд илэрсэн нь өндөр эрсдэл юм. Мөн хорт хавдрын тохиолдол олныг илрүүллээ. Үзлэгт хамрагдсанаар иргэд оношоо эрт мэдэж, өвчнөө эмчлүүлэхэд ихээхэн дөхөмтэй. Санхүүгийн хувьд бага зардал гаргах, хугацаа алдахгүй байх, орлогоо алдахгүй байх гэх мэт олон давуу талтай.  

Манай улсад хавдрын өвчтөнүүдийн 74 хувь нь хожуу үед оношлуулж байсан бол одоо 65 хувь болж буурчээ. Ходоодны хавдрын 44 тохиолдлыг эрт илрүүлгээр оношилсон байна.    

Эрт илрүүлгээр оношилсон нийт өвчний 90 гаруй хувиас урьдчилан сэргийлэх боломжтой байгааг дурдав


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна