Цукуба уулын “Монгол Өртөө”

Б.Номин-Эрдэнэ
2023/05/04

 Япон улсын Ибараки мужийн Ишиока хотод Цукуба уул бий. Эл уулаас ундрах ус нь тунгалаг, ургах жимс нь амтлаг, амьсгалах агаар нь цэвэр ажээ. Битүү ой модонд халхлагдсан уулынхаа жимсийг япончууд өнөөг хүртэл Эзэн хаандаа дээжлэн хүргэдэг байна. Үлгэр домгоос нь сөхвөл, энэ уул хоёр оргилтой. Нэг талыг нь эрэгтэй, нөгөө талыг нь эмэгтэй хэмээн нэрийддэг байна. Эр, эм оргилоос гарч ирсэн хүмүүс хоршоо дууг харилцан дуулснаар танилцаж гэрлэдэг байсан түүхтэй гэнэ. Тиймээс энэ уулыг “Хосын уул” гэж “авгайлдаг” байна. Залуу гэр бүлд ээлтэй, өгөөжтэй, нөмөртэй энэ уулын бэлд Монголын уламжлалт нүүдэлчин ардын өв соёлыг сурталчлан таниулах зорилгоор онголын залуу гэр бүл “Цукуба гэр” глампинг амралтын газрыг байгуулаад буй нь энэ. Тэд нарсан модон хийцтэй, хамгийн сүүлийн үеийн технологи ашиглаж хийсэн, монгол гэрийг нямбайлан тохижуулжээ. Гэрийн голд улаан хивсэнцрээр чимэглэсэн хосуудын суудлыг зэрэгцүүлсэн нь арга билгийг шигтгэж, Цукуба уулынхаа билэгдлийг шингээсэн мэт санагдав. Үндэсний өв соёл хадгалсан монгол гэрт байх ёстой бүхий л зүйл дүрэм журмын дагуу мэт байрлуулсан нь ирсэн зочдын харааг булааж байв. Олон газраас ирсэн зочин, гийчид монгол ахуй соёлыг ихэд сониучирхаж харагдав. 

“Цукуба гэр” глампинг амралтын газрыг нээх ёслолын арга хэмжээнд Монгол Улсаас Японд суугаа Элчин сайдын Элчин зөвлөх С.Болорчимэг, Ишиока хотын даргын төлөөлөгч Ноүэ, МҮОХ-ны “Токио-2020” олимпын наадмын төлөөлөгч, МБСХ-ны зөвлөх дасгалжуулагч Тада Наокацү, Ибараки мужийн удирдах зөвлөлийн гишүүн (Иргэдийн хурлын төлөөлөгчдийн гишүүн) Сакүраи Нобүюүкү, ”MJ” компанийн захирал, “Цукуба гэр” глампингийн үүсгэн байгуулагч Ч.Амарзул нар оролцлоо.

 

Ишиока хотын даргын албан ёсны төлөөлөгч ноён Ноүэ ёслолыг нээж үг хэлэхдээ, “Уг нь хотын дарга ирэх байсан ч ажлын асуудлаас болж би төлөөлж ирлээ. Өмнө нь амралтын газрын талаар сонсож байхад сэтгэлд огтхон ч төсөөлөгдөхгүй байсан боловч өнгөрсөн дөрөвдүгээр сард өөрийн биеэр ирж үзэж танилцаад, Монголын соёл, уламжлал агуулсан амралтын газар болж байгааг нүдээрээ харсан юм. Үзэсгэлэн төгөлдөр байгаль дунд Монголын уламжлалт нүүдэлчин ардын соёл, өв уламжлал цогцлон дэлгэрч байгаа мэт санагдлаа. Цукуба уул дөрвөн улирлын өнгө аястай, амтат хоолны газар олонтой, 900 гаруй төрлийн сарнай ургадаг “Сарнай” цэцгийн парктай, халуун рашаан ихтэй, байгалийн зохилдолгоо бүрэн төгс үлэмж сайхан газарт Монголын нүүдэлчдийн ахуй соёл шингэсэн амралтын газар үүдээ нээсэнд талархаж байна” гэсэн юм.

 

Мөн Монгол Улсын спорттой холбогддог Монголын буудлагын спортын зөвлөх дасгалжуулагч ноён Тада Наокацү, “Манай гэр яг энэ уулын ард бий. Би багаасаа энэ ууланд өссөн. Монголын буудлагын спортыг хөгжүүлэх юмсан гэсэн зүрх сэтгэлийнхээ дуудлагаар өдийг хүртэл яваа нэгэн. Хоёр жилийн өмнө Монголын тамирчдыг олимпод оролцож байхад нь тусалж дэмжсэн. Японы Точиги, Гүнма мужид гэр кэмп, амралтын газрууд байдаг. Тэгээд яагаад Цукубад байдаггүй юм бол гэж боддог байв. Нэг жилийн өмнөөс Японы бага, дунд сургуульд Монголын соёл, өв уламжлал танилцуулах үүднээс морин хуур, хөөмийн сургалт зохион байгуулж байгаа. Японы бага сургуулийн сурах бичигт “Сүхийн цагаан морь” үлгэр байдаг бөгөөд түүнийг уншиж мэдсэн сурагчид яг морин хуурыг бодитоор нь хараад хэчнээн их баярлаж байгааг харахад үнэхээр сайхан байдаг. Бидэнд Монголын тухай мэдэхгүй зүйл олон бий. Монгол гэр, хөдөөгийн уудам талыг мэдрүүлэх юмсан гэж бодож явтал Ч.Амарзул ийм газар байгуулна гэдгийг сонсоод яг энэ цэгээс, энэ газраас Монголыг Япон улсад таниулан сурталчлах, хоёр орныг холбох гүүр болно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Ибараки мужийн удирдах зөвлөлийн гишүүн ноён Сакүраи Нобүюүки, “Би энэ ууланд өссөн унаган иргэдийнх нь нэг билээ. Нэг жилийн өмнө Иргэдийн хурлын төлөөлөгчдийн гишүүнээр сонгогдсон. Сая дээшээ өгсөж гарч ирэхдээ тоглож байсан газраа харлаа. Дөрвөн улирал ээлжлэн солигдох агшин бүхэнд тэр бүхнийг харж сэтгэл, оюун баясч өссөн сайхан уул минь билээ. Хүүхэд байхдаа ой модноос сүрэл боож, мөөг түүж, модонд авирч, янз бүрийн жимс түүж амтархан идэж, бага насаа өнгөрөөж байсан дурсамж дүүрэн энэ газарт ийм сайхан амралтын газар байгуулагдаж байгаад маш их баяртай байна. Энэ нутагт хүн ам багасч байгаа хэдий ч үлдэж байгаа бид өөрсдийнхөө хэмжээнд ихээхэн хичээж ажиллах болно. Амралтын газрын ойр орчинд хэд хэдэн амралтын газар байгуулах талаар төлөвлөгөөнд орсон бөгөөд ингэснээр хотын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулна гэдэгт эргэлзэхгүй байна” гэсэн юм.

“Цукуба гэр” глампинг амралтын газрыг байгуулахад Япон Улсын Засгийн газраас ихээхэн дэмжлэг үзүүлснийг энд дурдах хэрэгтэй. Тэд Монголын уламжлалт ёс заншлыг сурталчилж, үүнийг дагасан аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх нь чухал гэдгийг ч онцолжээ. Энэ талаар “MJ” компанийн захирал, “Цукуба гэр” глампинг амралтын газрыг үүсгэн байгуулагч Ч.Амарзултай ярилцлаа.

 

-Японы Цукуба ууланд монгол ахуй, соёл шингэсэн амралтын газар байгуулжээ. Гадаад оронд цоо шинэ бизнес эрхлэх нь амаргүй даваа байсан болов уу. Та өөрийгөө танилцуулна уу?

-2005 оны дөрөвдүгээр сард Японы Цукуба их сургуульд магистрт суралцахаар анх ирсэн. Төгсөөд Токиод амьдарч байхдаа маш завгүй ажилладаг, гэр бүлийн хүн маань машины бизнес эрхэлдэг байсан. Ингээд хоёулаа өөрсдийн компани байгуулахаар ярилцаж шийдээд, 2013 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр “МJ” компаниа байгуулсан. Энэ жил манай компанийн 10 жилийн ой болно.

-Өнгөрсөн хугацаанд Японы зах зээлд автомашины бизнес эрхэлж байгаад яагаад амралтын газар нээж, аялал жуулчлал руу урвах болов?

-Бид цуглуулсан хөрөнгөн дээрээ тулгуурлаж экспортын ажлаа эхэлж байлаа. Манай компани машинаа экспортод гаргахын тулд долоон жилийн турш машины зогсоол түрээсэлдэг байсан юм. Түрээсийн төлбөр үнэтэй болсон учраас бид өөр газар хайж яваад энэ газарт ирсэн. Нөхөр маань энэ газрыг хараад шууд худалдаж авъя гэхэд нь энд машин тавих боломжгүй гэлээ. Гэтэл “Японд газар хөдлөлт их болдог, тиймээс гэр бүлээрээ гэрээ бариад хааяа ирж байя” гэсэн. Ингэж л энэ газрыг худалдаж авсан даа.

-Японд газар худалдаж авна гэдэг ойлголт “хол сонсогдож” байна. Учир нь газар хөдлөлт ихтэй, бас үнэ ханшийн хувьд өртөг өндөртэй?

-Хүн бүхэн Японд газар худалдаж авсан гэж үү гэж асуудаг. Цукуба их сургуулийн доктор, багш маань тэтгэвэртээ гараад өөр газарт шилжин суурьших болж, бид хоёрт энэ газрыг худалдаж авах санал тавьсан. Нөхөрт маань маш их таалагдсан учраас бид эргэлзэхгүйгээр авсан. Анх нэг жижиг байшингаас өөр юу ч байгаагүй газар л даа. Гэхдээ машины зогсоол хэлбэрээр ашиглах боломжгүй байсан. Ингээд амралтын газар нээх санаа төрсөн. Монголд байхдаа гэр кемпэд менежерээр ажилладаг байсан болохоор ойр санагдсан гэх үү дээ. Нөгөө талаар машины бизнес эрхлэхэд хүнд болчихсон. Монголын хууль маш хурдан өөрчлөгддөг шүү дээ. Анх приус машиныг татвараас чөлөөлдөг байсан бол болиод, үүнээс болж компани алдагдал хүлээж эхэлсэн. Нөгөөтэйгүүр цар тахал гараад бүх бизнес зогсонги байдалд орсон. Төлөвлөж байсан ажлууд маань бүтэлгүйтэж эхэлсэн учраас манай компани зөөврийн байшингийн үйлдвэрийн туслан гүйцэтгэх цахилгааны ажлыг нь авч хийсэн. Хамгийн гол нь, компанийн үйл ажиллагаагаа зогсоохгүй, мөн ажилчдынхаа нийгмийн асуудлыг орхигдуулж болохгүй байсан. Манай компанийн ажилчдын ихэнх нь эмэгтэйчүүд учраас тэднийхээ амьдрал ахуйг хамгийн түрүүнд бодож ажилласан.

-Газар худалдаж авахад олон төрлийн бичиг баримт бүрдүүлсэн үү. Манайх бол гадаадын иргэнд газар худалдахгүй гэсэн хуультай?

-Японд гадаад хүнд газар өгөхгүй гэсэн асуудал байхгүй. Тухайн хүн өөрөө газар сонирхвол ямар ч газрыг худалдаж авч болно. Газар нь байршлаасаа шалтгаалж үнэ ханш нь өөр. Жишээ нь, өртөөтэйгээ ойрхон нь үнэтэй, хол нь хямд гэх мэт. Сүүлийн үед япончууд, ялангуяа цар тахлаас хойш ил задгай газар болон хөдөөний газрыг ихэд сонирхдог болсон. Энэ утгаараа газрын бизнес цаашдаа хөгжих боломжтой гэдэг нь ажиглагдаж байна.

-Амралтын газраа байгуулахын тулд Японы Засгийн газраас ямар нэгэн тусламж дэмжлэг авсан уу. Эсвэл тухайн мужийн захиргаанд нь шууд харьяалагдах уу?

-Газраас өөр юу ч байхгүй газарт бизнес эрхэлнэ гэдэг тийм ч амар биш. Эхний ээлжид маш их хөрөнгө орох учраас олон хүнтэй зөвлөлдсөн, судалсан. Үүнд Японы худалдаа, аж үйлдвэрийг дэмжих төв, Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийнхөнтэй хамтарсан. Би өөрөө олон улсын харилцаагаар төгссөн учраас эдийн засгийн мэдлэг их дутсан. Тиймээс эхлээд өөрийгөө бэлтгэж эхэлсэн. Нэг япон бизнес эмэгтэй япон эмэгтэйчүүдийг нийгэмшүүлэх, тэдний авьяас чадварыг нээхээр “1000 эмэгтэй бизнесмэн” хөтөлбөр хэрэгжүүлж, идэвхжүүлж байсан. Тэдэнтэй ойртох тусам маш олон мэдээллийг олж авсан. Энэ мэдээллийнхээ үндсэн дээр төсөл бичиж эхэлсэн.

-Төслөө өөрөө бичив үү?

-Ибурака мужийн даргатай уулзсан. Энэ мужид хоёр төсөл байсан. Тодруулж хэлбэл, Засгийн газраас жижиг, дунд үйлдвэрлэлийн төсөлд янз бүрийн хөрөнгө оруулалт хийдэг юм байна. Чиглэл нь их нарийн учраас гэр кэмпийн төсөл орж ирэхгүй л байсан. Хамгийн гол нь, би өөрөө төслөө төгс бичиж чадна гэдэгтээ итгэхгүй байсан учраас япон төслийн удирдагчийг “Та манай төслийг танилцуулаад ороод өгөөч” гэж гуйсан. Тэгэхэд “би чамд заая, чи өөрөө төслөө бич” гэсэн. Ингээд хоёр сар гаруй төслөө бичиж дуусгаад хүргүүлчихсэн. Тэгсэн нэг өдөр Засгийн газраас зарласан төсөлд манай компани шалгарсан сайхан мэдээ хүлээн авсан. Бидний хувьд өмнө хийсэн ажлаа тайлагнаж, Засгийн газарт өгөх ёстой. Энэ тайлан дээр үндэслэж Засгийн газраас тодорхой хэмжээний санхүүжилт өгнө. Тэр үед цар тахлын үе таарсан учраас сунгалт хийхийн тулд дахиад бөөн бичиг баримт үйлдэх болсон. Банкны асуудал бас хэцүү байсан. Манай гэр кэмпийн зургийг хийсэн хүн өөрөө биднийг хотын даргатай уулзуулж, дэмжлэг хүссэн. Үүний үр дүнд орон нутгийн банкныхан бидэнд маш их тусалсан. Мөн хотын дарга бидэнд чадах бүх зүйлээрээ тусална гэж амласан. Энэ нь бидэнд маш их итгэл найдвар өгсөн дөө.

-Төслийн үйл явц ийм байж. Тэгвэл бүтээн байгуулалтын ажлаа хэзээнээс эхлэв. Хамгийн түрүүнд усны асуудлаа яаж шийдсэн бэ?

-Кэмпийн бүтээн байгуулалтын ажил 2022 оны 10 дугаар сараас албан ёсоор эхэлсэн. Хамгийн эхний бэрхшээл бол мэдээж усны асуудал. Би төслөө бичихдээ санхүүгээ мэдэхгүй дарсан, хэтрээд явчихсан гээд зөндөө алдаа гаргасан байсан. Түүнийгээ засч залруулсан. Ингээд мэргэжлийн хүмүүс олон удаа ирж, судалсны үр дүнд усны асуудлаа шийдсэн. Усны асуудал шийдэгдсэний дараа улс болон хот, мужийн хот төлөвлөлтөд албан ёсоор оруулсан.

 

-“Цукуба гэр” глампинг бусад кэмпээс юугаараа онцлогтой вэ?

-Эхний ээлжид долоон гэр барьсан. Сүүлийн үед иргэд гадаад орчинг илүүд үзэж байна. Өнөөдрийн глампинг хэв шинж өргөн дэлгэрч байгаа. Ялангуяа залуучууд “гоё байх” гэсэн сэтгэлгээ ихтэй болж. Тэд агаар салхинд гараад өөрсдийнхөө дуртай хоол ундыг хийж идэхийг илүүд үзэж байна. Заавал бусдаар бэлтгүүлэх биш. Бидний хувьд хоёр аргаар амрахыг санал болгож байгаа. Нэг нь өөрсдөө хүнсээ авчраад хийж бэлтгэж болно, эсвэл манай хүмүүст захиалга өгөөд хийлгэж болно. Үнэ ханшийн хувьд нэг гэр дөрвөн ортой, 50-60 мянган иенийн үнэтэй. Дөрвүүлээ ирж амарлаа гэхэд дөрвөн хүндээ хуваахад нэг хүн 17.500 иениэр бүтэн өдрийн турш тохь тухтай өөрсдийн тааваар амарч болно. Манайх 10 гаруй ажилтантай, монгол тогоочтой, монгол үндэсний бүх хоол хийнэ. Үүний хажуугаар япон хоол ч хийж өгч болно. Цаашдаа олон төрлийн олон үндэстний хоол гаргах бодолтой ажиллаж байгаа.

-Гэрээ хаанаас авсан бэ?

-Анх нөхөр бид хоёр уламжлалт гэр авья гэсэн санаа байгаагүй. Анхнаасаа сүүлийн үеийн технологиор хийсэн, бат бөх, суурь сайтай, монгол хэв шинжээ хадгалсан гэр хайж эхэлсэн. Эхлээд санаанд таарах гэр олдоогүй. Нэлээд хугацаанд хайж байж “Буянт” компанийг олсон. “Буянт” компани гэрээ цэвэр нарсан модоор хийдэг, орчин үеийн зориулалттай, тохьтой дулаахан хийдгээс гадна монгол гэрийн хэв шинжээ хадгалж хийдэг нь их таалагдсан. Цаашдаа бид гэрийн тоогоо нэмэх төлөвлөгөөтэй байна.

Арлын Япон орны Цукуба уулын бэлд монгол гэрийн өрх татагдаж, холын гийчдээ хоймортоо урьж, хоёр орны харилцаанд халуун дотно уур амьсгал төрүүлсэн ийм нэгэн “Монгол Өртөө” шинээр мэндэллээ.

 

Японы Осака хот. Сэтгүүлч В.Сарантуяа

ЭХ СУРВАЛЖ:montsame.mn


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна