Ерөнхий сайд хороодын Засаг дарга нартай уулзжээ

Б.Номин-Эрдэнэ
Өчигдөр 14 цаг 39 минут

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдрийн /04.24/ өглөөний уулзалтдаа хороодын Засаг дарга нарыг урьжээ. Улаанбаатар хот 204 хороотой. Энэхүү 204 хорооноос санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 30 хорооны Засаг даргыг өглөөний уулзалтад урьжээ.

Хороодын Засаг дарга нарын гаргасан санал, тэдэнд тулгардаг бэрхшээл, боломжийг сонсож, хамтран ажиллах шийдлээ тодорхойлсноор нийслэлчүүдийн амьдрах орчныг улам сайжруулж, төрийн бодлого шийдвэр бүрэн бодиттой хэрэгжих боломж бүрдэнэ гэдгийг Ерөнхий сайд хэлсэн үгэндээ тодотгов. 

Баянзүрх дүүргийн 17-р хорооны Засаг дарга З.Цэрэнмаа: -Баянзүрх дүүрэг 43 хороотой. 30 мянган хүн амтай, бараг нэг аймаг шиг хороо ч байдаг. Манай 17-р хорооны хувьд тулгамдаж байгаа хамгийн гол асуудал бол нэг ч сургууль, цэцэрлэг алга. Иргэд маань өөр дүүрэг, хороо руу хүүхдээ зөөж сургууль, цэцэрлэгт хамруулж байна. Мөн хороодод ажиллах хүний нөөцийн асуудал маш хүндрэлтэй байна. Хороонд ирж ажиллах залуучууд байхгүй болсон. Бас хороонд ажиллаж буй төрийн албан хаагчид эрх мэдлийн хувьд дутмаг, урамшууллын систем хангалтгүй байгаа зэргийг цаашид анхаарч өгмөөр байна6 

Сонгинохайрхан дүүргийн II хорооны Засаг дарга Б.Гантуяа: -Манай хороо 2580 өрхтэй, 9500 гаруй хүн амтай. Гэр хорооллын дахин төлөвлөлтөд онцгой анхаарч өгмөөр байна. 2016 онд Э.Бат-Үүл даргын үед хийгдсэн дахин төлөвлөлтөөс болоод өнөөдрийг хүртэл манай хорооны олон хүн орох оронгүй байна. Анхнаасаа дэд бүтцийг нь дутуу шийдсэн юм билээ. Үүнд анхаарч өгмөөр байна. Ер нь гэр хороололд архидалт, хүчирхийлэл, гэмт хэргийн гаралт их байдаг. Мөн бүртгэлийн системийн буруугаас болоод 700 гаруй хүн манай хороонд ямар ч бүртгэлгүй амьдарч байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна