“Эртэч өглөө” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ

Өчигдөр 11 цаг 05 минут

Соёлын яам “Эртэч өглөө” хөтөлбөрийг 2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдрөөс хэрэгжүүлж эхэллээ.

Хөтөлбөрийг “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болон бусад холбогдох баримт бичгүүдтэй уялдуулан үндэсний нэгдмэл үнэт зүйлийг төлөвшүүлэхэд ёс суртахууны нөлөө, угийн бичиг хөтлөх арга зүй, ач холбогдол сэдвийн хүрээнд Монгол Улсын Төрийн шагналт, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич С.Нарангэрэл, түүхийн ухааны доктор, профессор Д.Мөнх-Очир нарыг урьж, “Ёс суртахуун”, “Ураг удмаа судлахад архивын баримтыг ашиглах нь, угийн бичиг хөтлөхийн ач тус” сэдвээр сургалт зохион байгуулав.

Мөн Чингис хаан музейд дэглэсэн “Уламжлалт аргаар хөтөлсөн угийн бичиг”-ийн үзэсгэлэнг албан хаагчид үзэж сонирхлоо.

Цаашид сар бүр тогтмол зохион байгуулах уг хөтөлбөрт албан хаагчид өглөөний 7.00 цагаас эхлэн идэвхтэй хамрагдаж, “Угийн бичиг хөтлөгч хамт олон” болох зорилт дэвшүүлэн, ёс суртахууныг эрхэмлэн, төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийг чанд мөрдөн ажиллахыг уриалав.

Эх сурвалж: Улаанбаатар /МОНЦАМЭ/


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна