С.Эрдэнэ: Лу.Гантөмөрийг намын даргаар сонгосон гэдэг хурлыг хэн зарласан юм бэ?

С.Бадарч
2023/01/26

АН-ын даргын хууль ёсны сунгааг зарласнаа С.Эрдэнэ өнөөдөр АН-аас хийдэг ээлжит 4/11 мэдээллийн цагаараа мэдэгдэв. Мөн XVI их хурлыг хуралдуулах болсон гэлээ.  

АН-ын ҮБХ-ны дарга Д. Ганбат “Өчигдөр манай АН-ын ҮБХ  намрын хаалтынхаа хурлыг хийлээ. Энэ оны гуравдугаар сарын 15-д хаврын хяналтын парламентийг ажиллуулна. Хяналтын засгийн газрыг бий болгоно” гэв.

С.Эрдэнэ “АН энэ оны намрын парламентийн чуулганаас эхлээд хяналтын буюу сүүдрийн парламентийг бий болгох ажлыг эхлүүлсэн. ҮБХ-ны хурлаа анхных гэхэд амжилттай хуралдуулан бодлогын 11 хороо байгууллаа. Мөн УИХ-ын нэгдсэн чуулганы адил ҮБХ 14 хоног тутам тогтмол хуралдаж ирлээ” гэх зэргээр ажлаа танилцууллаа.

УИХ дахь АН-ын нэр дээр сонгогдон гарч ирсэн зарим нөхөд өргөсөн тангарагаасаа няцан намынхаа нэр хүндийг гутаасанд нь харамсч байна. УИХ-ын гишүүний үүрэг нь УИХ-ын тухай хуулиар, сонгогдсон намынхаа  мөрийн хөтөлбөр, зорилго зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө дуу хоолой нь болж УИХ-д ажиллах чиг үүрэгтэй. Найм буюу түүнээс дээш суудал авсан улс төрийн нам, эвсэл УИХ-д өөрийн намын бүлгийг байгуулж болно, болохгүй ч байж болно. Гэхдээ бүлэг намын хууль ёсны бүтэц биш. Харамсалтай нь Энэ бүгдийг ойлгоогүй УИХ-ын гишүүд маань эргээд нам руугаа халдсан, зорилго чиглэлийг нь гуйвуулсан үйл ажиллагаа явуулж байна.

Тэдний зохион байгуулсан ҮБХ, Их хурал гэгч нь дандаа дүрмийн бус, дүрмэнд огт тийм заалт байхгүй. Монголд АН-ыг үгүй болгох, ардчиллыг үгүй болгох Монголын тусгаар тогтнол ҮАБ-ыг алдагдуулах гэсэн гадна, дотны санаатай санаагүй үйл ажиллагаанууд улам идэвхижиж байгаа, ялангуяа хойд хөршийн оролцоо сошиал сүлжээнд маш хүчтэй байгаа. Манай намаас сонгогдсон Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүдийн явуургүй үйл ажиллагаа гадна, дотно орны нөлөө нь АН-ын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байгааг үгүйсгэхгүй.

АН-ын даргын тушаалыг би гаргасан. Үүнд АН-ын даргын дүрэмд заасны дагуу дотоод сонгуулийн хууль ёсны дүрэм журамд үндэслээд АН-ын даргын сонгуулийн сунгааг зохион байгуулах тушаал. Энэ чиглэлээр дотоод сонгуулийн хороонд чиглэл өглөө. Өчигдрөөс эхлээд намын даргын сонгуулийн сунгаа албан ёсоор эхэлж байна.

АН-ын бүлгээс хурлаас зохион байгуулсан эв нэгдлийн хурал бас дүрмийн бус. Ийм хурал явуулах дүрэм байхгүй. 

Миний хувьд 2020 оны долдугаар сард дүрмийн дагуу тухайн үед дэд дарга байсан Ц.Туваанд намын тамга, үүргийг чиг үүрэг болгож өгсөн. Ямар нэг эрх шилжүүлж, албан тушаалд томилоогүй. Харамсалтай нь миний өгсөн чиг үүргийг өөрчилж, тэр үеийн ерөнхийлөгчтэй хамтарч, дүрмийн луйвар хулгай хийх замаар асуудлыг шийдэх гэж оролдсон. Миний хувьд тамганы хууль ёсны эзэмшигчийн хувьд Ц.Туваанд байсан тамгыг хүчингүй болгож, шинээр гаргуулж авсан. Намайг яагаад намын даргаар бүртгэснийг бүртгэлийн газраас асуу. Эрх бүхий байгууллагууд хариулъя. 

Лу.Гантөмөрийг намын даргаар сонгосон гэдэг хурлыг хэн зарласан юм бэ? Хэн дуртай нь намын даргын сонгуулийг зарладаг юм уу? Энэ нам чинь дүрэмтэй, өөрийн гэсэн дотоод зохион байгуулалттай. Намын бүрэн эрхэд хэн дуртай нь халдаггүй юм. Хүсээд байгаа бол хүрч ирээд энэ сунгаанд оролцож болно. Ганцхан нэр дэвших шаардлагаа хангасан, дүрмийн зөрчилгүй байх ёстой гэв. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна