Хуульч Г.Балжмаа: Х.Мандахбаяр хүмүүст өндөр цалин, байр амладаг ч өгдөггүй. Би 5 жил хүлээсээр тэвчээр барагдлаа

С.Бадарч
2023/01/25

"Эрхэт Монгол" группийг үүсгэн байгуулагч Х.Мандахбаяртай холбоотой асуудлаар хуульч, өмгөөлөгч Г.Балжмаа мэдээлэл хийлээ. 

Тэр "Нүүр тулаад уулзсан ярилцлага маань үр дүнд хүрээгүй учраас хэвлэлийн хурал хийж байна. 

Х.Мандахбаяртай 2018 оноос өнөөдрийг хүртэл таван жилийн хугацаанд хамтран ажиллаж ирсэн. Энэ хүн Монголын өмгөөлөгчдийн холбоонд ирж, сэтгүүлчдээ өмгөөлүүлэх өмгөөллийн хууль зүйн туслалцаа авах хэрэгтэй байна гэж ярьсан. Миний хувьд өмгөөлөгчдийн холбоонд шалгалт өгснөөр хамтран ажиллах эрх нээгдсэн. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөлд хамтрах, сэтгүүлчдийг үнэ төлбөргүй өмгөөлөх, гүтгэх заалтыг Зөрчлийн тухай хуулиас хасуулахаар хамтарч ажиллахаар гэрээ байгуулсан. 

Харин Х.Мандахбаярын зүгээс магистрын сургалтын төлбөр төлж, хоёр өрөө байр өгнө гэсэн. Цалинг 1.5 саяас дээш өгөх гэрээ байгуулсан юм. Гэтэл энэ хүн өнөөдрийг хүртэл хамтран ажиллах гэрээний үүрэг хариуцлагаа биелүүлэхгүй байна. Боломжгүй байна, намайг ойлгооч гэж хойшлуулсаар байсан тул 2022 оны арванхоёрдугаар сард гэрээгээ дуусгавар болгох талаар миний зүгээс хүсэлт тавьсан. 

АТГ-аас нүүрсний асуудлаар зарласан 17 хүний дотор Х.Мандахбаярын нэр багтсан байсан. Энэ асуудалд өмгөөлөгчөөр оролцоод өгөөч гэхэд нь зөвшөөрсөн юм. Зөвхөн энэ асуудал дээр би түүнтэй тулж ажилласан. Бусдаар энэ хүний хувь, хувьсгалын ажилд өмгөөлөгчөөр оролцож байгаагүй. СНЭ-ийн гүйцэтгэх захирал Болортулагын гарын үсэгтэй цохолтоор сэтгүүлчид МСНЭ-д өргөдлөө өгдөг, тэр цохолтын дагуу би сэтгүүлчдэд хууль зүйн туслалцаа үзүүлсэн. Харин түүний бичсэн мессежнээс хойш би үнэхээр их айж эхэлсэн гэлээ.

Миний заавар зөвлөгөөний дагуу өмгөөллийн туслалцаа үзүүл гэдэг шаардлагыг надад тавьсан. Миний хувьд Өмгөөллийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд өмгөөллийн үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс түүний саналыг хүлээж аваагүй. Энэ маргаанаас үүдээд өнөөдрийн зөрчил үүссэн юм" гэдгийг хэллээ. 

Түүнчлэн эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал зөрчигдөж байгааг дурдаад "Яагаад гэвэл би өөрөө өмгөөлөгч хүн байж хохироод сууж байна. Гэрээний үүрэг гэдэг зүйлд улстөрчид, нөлөө бүхий хүмүүс хэрхэн ханддаг вэ? Дуртай үедээ хойшлуулж, өөрчилж болдог зүйл гэж боддог юм шиг байна. Энэ бол хүн болгонд хамааралтай асуудал. 

Ажлын байрны дарамт шахалт бүх салбарт байна. Х.Мандахбаяр намайг ажиллах орчноор хангаагүй. Өчигдөр шөнө хаалга тогшоод өрөөгөө суллаж өг гээд шөнө дунд би суллаж өгсөн. 

Хоосон амлалтаас болоод таван жилийн амьдралаа алдсандаа харамсаж байна

Хүмүүст дандаа байр амладаг ч өгдөггүй. 2021 онд "Эрхэт Монгол" группээс олон хүнийг байрны урьдчилгаа, хоёр, гурван байраар шагнасан. Миний хувьд үнэхээр тэр өргөмжлөлөөс нь ичсэн. Бидний хамтран ажиллах гэрээ нууцлалын зэрэгтэй гэрээ байсан юм. Намайг хоёр өрөө байраар шагналаа гэхэд нь өргөмжлөлийг нь гарч авсан. Надаас гадна маш олон ажилтан байлаа. Хувийн компанид нь ажиллаад удаагүй, хүмүүс нь намайг таньдаггүй байхад байгууллагынхаа шилдэг ажилтан болгосон. Залилан мэхлэх арга нь ингэж эхэлдэг. Та өөрөө ингэж хамтран ажиллах гэрээгээ зөрчсөн шүү. 

Аль ч салбарт ажиллаж байгаа хүмүүс бие даан хараат бусаар ажиллах ёстой. Миний хувьд Х.Мандахбаяр гэдэг хүний хоосон амлалтаас болоод таван жилийн амьдралаа алдсандаа харамсаж байна" гэлээ. 

Энэ хугацаанд гүйцэтгэсэн ажлынхаа талаар "Сэтгүүлчдийг өмгөөлөөд 600 гаруй сая төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлүүлсэн. Миний хийсэн ажлууд зураг, баримттайгаа байгаа. Хоёр сэтгүүлчийг дөрвөн сая төгрөгөөр торгуулж, алдаа гаргасан. Цалингаа өгөхгүй байсан ч сэтгүүлчдийг өмгөөлөх ажлаа миний хувьд хийсээр л байсан. Үүнээс өөрөөр Х.Мандахбаяр гэдэг хүнийг хохироосон зүйл байхгүй. 

Хүний таван жилийн хөдөлмөрийг сайхан амлалт өгч, мөлждөг хүмүүс байх вий. Надтай адилхан залуу хүмүүс битгий алдаасай гэж бодож байна. "Эрхэт Монгол" групп-т ажилд орох гэж байгаа хүмүүс байвал Х.Мандахбаяр гэдэг хүн бол худалч. Амласан амлалтаа биелүүлдэггүй. Олон төслийг зэрэг эхлүүлсэн байгаа. Тухайн төслийг хамтран гүйцэтгэж байгаа компанийн захирлуудад өмгөөлөгчөө хуурч байгаа та бүхнийг яаж ч хуурч мэднэ шүү гэдгийг хэлмээр байна. Х.Мандахбаяр гэрээнийхээ үүргийг биелүүлэхгүй олон хүний цалинг өгдөггүй, нийгмийн даатгалын шимтгэлийг нь хасаж авсан хэрнээ төлсөн гэж бүртгэдэггүй. Ажилчид нь энэ талаар хэлэх байх. 

Энэ хүний талаар би худал мэдээлэл тараагаагүй. Яагаад гэвэл худал мэдээлэл тараах, бусдын нэр төрд халдах нь ямар хор уршигтайг мэднэ. Миний хувьд Х.Мандахбаяр гэдэг хүнээс үнэхээр айж байгаа. Цаашид энэ хүний асуудлаар хууль хяналтын байгууллагад хандана" гэсэн юм. 





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна