Анхаарал хандуулах зээлийн ангилалд Ц.Гарамжавын “Монполимет” багтжээ

С.Бадарч
2023/01/20

-Тодорхой хувийг нь хадгаламжид байрлуулан хүүгийн орлого олжээ-

"Монполимет" компанийн "Монцемент" төслийн зээлийг хэлэлцэх үеэр тус компани нийт 65 сая ам.долларын зээл авсанаас 172.9 тэрбум төгрөгийн зээл төлсөн мэдээлэл байна. Өнгөрсөн 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар үндсэн төлбөр болох 78 тэрбум төгрөг, торгууль, хүүтэйгээ нийлээд нийт 82 тэрбум төгрөгт хүрээд байгаа аж. Иймд анхаарал хандуулах зээлийн ангилалд багтжээ.

Уг зээлийг ҮАБЗ-ийн 2012 оны зөвлөмжийг үндэслэн барилгын болон эрүүл мэндийн салбарт дэмжлэг үзүүлэх тухай тогтоолыг  баримтлан олгосон юм байна. Тус тогтоолд, эдээр салбарт хэрэгжүүлэх төслийн нийт төслийн 1/3-ийг Хөгжлийн банк санхүүжүүлж болно гэж заасан аж.   Санхүүжилтийн тодорхой хувийг зориулалт бусаар буюу хадгаламжид байрлуулан хүүгийн орлого олжээ.

Гэрчээр тус компанийн үүсгэн байгуулагч Ц.Гарамжав, үйл ажиллагаа хариуцсан захирал н.Халиун нар ирсэн байв.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарын “Зээлээ хэзээ төлж дуусгах вэ? Ханшийн ямар хэмжээний алдагдал үүсэв” гэх асуултад Ц.Гарамжав:  “"Монцемент" манай нэг л төсөл. Бид нар 2015 онд цементийн гурван үйлдвэр барилаа. Бид 2006 онд ажлаа хайгуул судалгаанаас эхэлсэн. Сүүлийн 30 жилд манай улсын хүнд аж үйлдвэрийн салбарт хэрэгжсэн анхны төсөл юм. Бид банкнаас санхүүжилтээ 100 хувь авах болзлыг авсан байв. Хөгжлийн банк 2012 онд байгуулагдсан.  Нэг жил орчмын турш хөөцөлдөөд зээлээ авсан. Зээлийг зургаа хувааж бидэнд өгсөн.  Манай үйлдвэр 2015 онд ашиглалтад орсон.. Бид 5000 киловатт цаг эрчим хүч үйлдвэрлэж байна.

Бид аж үйлдвэрийн салбарын шинэчлэлийг эхлүүлсэн. Дэд бүтэцгүй говийн бүсэд бүх дэд бүтцээ өөрсдөө байгуулж, 1000 орчим хүнийг ажлын байраар хангалаа. Цементийн импортыг орлон, стратегийн бүтээгдэхүүнийг анх удаа дотоодод үйлдвэрлэж байна. Иймд би 200 хувь хэрэгжсэн төсөл гэж үзнэ. Зээл аваад гурван сарын дараа төлж эхэлсэн.  2020 он хүртэл зээлийн эргэн төлөлт хэвийн явж байв.     

2020-2021 онд зээлийн төлөлт зогссон. Зээлийн хүүгийн, ханшийн алдагдал үүссэн. Бид энэ хугацаанд өвчтэй ажилчдадаа цалинг нь өгсөн. Засгийн газар биднийг цахилгааны хөнгөлөлтөд хамруулаагүй. Ковидийн үнэхээр хүнд цаг үе байлаа. Хөгжлийн банкнаас ам.доллараар зээл авсан. Ханшийн алдагдал дангаараа 100 тэрбум төгрөгт хүрсэн.

УИХ-ын гишүүн Т.Доржхандын Хөгжлийн банкнаас зээл авах эсэх асуудалд нөлөөлөсөн эсэх талаар асуусан асуултад “Намайг УИХ-н гишүүн байхаас өмнө би Хөгжлийн банкнаас зээл авсан тул нөлөөлөх үндэслэл байхгүй” гэж хариуллаа.

 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна