Прокуророос УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнг яллагдагчаар татжээ

Б.Номин-Эрдэнэ
Өчигдөр 13 цаг 17 минут

Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд тавих нэгдүгээр хэлтсийн дарга Б.Мөнх-Од нүүрсний хэргийн хяналт шалгалтын талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Нүүрсний хэрэгт одоогоор 92 хүнийг эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан. Үүнээс 44 нь нийтийн албан тушаалтан, 48 нь аж ахуй нэгжийн компанийн гүйцэтгэх удирдах албан тушаалтан бусад иргэд байна. Нүүрс олборлолт тээвэрлэлт худалдан авах ажиллагаатай холбоотой хэргүүдэд 25, цагдаагийн байгууллагаас 78 буюу нийт 103 мөрдөгч дээрх хэргийг шалгаж байна. Өнгөрсөн хугацаанд 7457 хүнээс гэрчийн мэдүүлэг авч 331 үзлэг 142 нэгжлэгийн ажиллагаа явуулж, цагдаагийн байгууллага 90 гаруй мянган цаасан суурьтай баримт, АТГ 574 хавтас цаасан баримтыг хураан авсан гэлээ. 

-Нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдсон Н.Удаанжаргалыг хэзээнээс Монголд авчран шалгах вэ?

-АТГ, цагдаагийн байгууллагаас хамтарсан ажлын хэсэг явж байна. Үүнтэй холбогдуулан Н.Удаанжаргалыг Монгол Улсад ирүүлэх ажиллагааг холбогдох ажлыг хуулийн байгууллага хийж байна.

-Нүүрсний хэрэгт УИХ-ын нэр бүхий гишүүд холбогдсон гэдгийг АТГ-аас зарласан. Одоогоор хэдэн гишүүнийг яллагдагчаар татсан бэ?

-УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах тогтоол НПГ-аас гарсан.

-А.Адъяасүрэн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал яригдах уу?

-Уг хэргийн нөхцөл байдлаас хамаарч прокурорын байгууллагад бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг санал тавьж ирүүлэх ёстой. Одоогоор НПГ-т санал ирээгүй байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна