ИРЭХ ОНЫ ЭХНИЙ 2 САРД 224 АВТОБУС ОРУУЛЖ ИРХЭЭР БОЛЖЭЭ


Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны ээлжит II хуралдаан өчигдөр болж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын авто замын түгжрэл, түүний сөрөг нөлөөллийг багасгах тухай хууль, дагалдах хуулиудын төслийг 12 дугаар сард багтаан Засгийн газрын хуралдаанд оруулахыг  үүрэг болгов.

 

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны ээлжит II хуралдаанаас дараах шийдвэр гаргажээ.

-Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар 12 дугаар сарын 5-н буюу ирэх 7 хоногийн даваа гарагаас эхлэн Нийтийн тээврийг нэгдүгээр эгнээгээр явуулах журмын хэрэгжилтэд онцгой анхаарч, шуурхайлан ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад  үүрэг болгов. 

 -Олон улсын банк санхүүгийн байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд BRT төслийг урагшлуулж эхэллээ. Уг төслийн зээлийн санхүүжилтийг УИХ-аар соёрхон батлуулахад бэлтгэх чиглэл өгсөн юм.

 -Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд БНХАУ-аас 2023 оны 1 дүгээр сарын 5-нд 100 автобус, хоёрдугаар сарын эхээр 124 автобус оруулж ирнэ.

 -Тээврийн хэрэгслийн "Цахим гэрчилгээ" RFID төсөл амжилттай хэрэгжиж байна. Одоогоор 160 орчим уулзварт 380 гаруй тоног төхөөрөмж суурилуулсан. 2023 оны эхний улиралд замын хөдөлгөөнд нэвтрүүлэхээр боллоо.

 -Улаанбаатар хотод гүүрэн байгууламж бүхий нүхэн гарцууд барихыг шуурхайлна. Нийслэлийн замын хөдөлгөөний нягтралыг багасгаж, авто замын сүлжээг сайжруулах, түгжрэлийн эсрэг арга хэмжээ авахад энэ ажил чухал үр дүнтэй. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр санхүүжилтийг шийдсэн.

 -Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар Үндэсний хорооны богино болон дунд хугацааны төлөвлөгөөгөө эрчимжүүлэх,  хэрэгжүүлэх чиглэлийг ажлын хэсгүүдэд өгсөн.

 -Нийтийн тээврийн үйлчилгээг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрхэн явуулж болох талаар санал боловсруулах ажлын  хэсэг байгуулахаар болжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна