АН: "Сэлэнгэ-2022" хээрийн сургуулилтын талаар Засгийн газраас иргэдэд мэдээлэл өгөхгүй байна


Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар ээлжит хэвлэлийн хурлаа хийлээ.

Өнөөдрийн хэвлэлийн хуралд УИХ-ын гишүүн Д.Ганбат, Ардчилсан намын ЕНБД Ч.Өнөрбаяр, Хэрэг эрхлэх газрын дарга Д.Эрдэнэсувд нар ОХУ, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд нарын айлчлал, Мөн НҮБ-ын ЕНБД-ын алчлалтай холбогдуулан АН-байр суурийг танилцууллаа.

УИХ-ын гишүүн Д.Ганбат "Зургаадугаар сараас эхлээд манай улс дэлхий нийтийн анхааралд байлаа. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гуттереш Монгол Улс бол энх тайвны бэлгэ тэмдэг болсон улс хэмээн айлчлалынхаа үр дүнг тэмдэглэсэн. Бид НҮБ-ын гишүүн орны хувьд хоёр том хөрштэйгөө стратегийн түншлэлийн гэрээгээр найрсаг харилцаатай орон билээ. Гэхдээ гуравдагч хөршийн бодлогыг байнга баримтлах ёстой. Ялангуяа эдийн засгийн хоригт орж болохгүйг байнга дурдаж байсан бөгөөд үүний үр дүн гарлаа гэж үзэж байна.

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И айлчлалаар чамлахаар чанга атга гэгчээр Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг хөдөлгөх, нүүрсээ гаргах Гашуунсухайтын замын санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ үед НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттереш Монголд анх удаа айлчилсан. Манай дипломат албаны олон жилийн хөдөлмөрийн үр дүн юм. Өмнө нь НҮБ-ын дөрвөн ч Ерөнхий нарийн бичгийн дарга айлчилж байсан. Бид эрчим хүчний хараат байдлаас салахын тулд Эгийн голын УЦС-ыг тодорхой хэмжээнд НҮБ-аас дэмжихээр болсонд талархаж байна.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавровын айлчлал болсон. Засгийн газрын түвшинд мэдээлэл бага байна. "Сэлэнгэ-2022" хээрийн сургуулилалтын талаар Засгийн газраас мэдээлэл өгөхгүй байна. Ховд аймагт хэр хугацаанд хэчнээн цэрэг сургуулилалт хийж байгаа талаар мэдээлэл алга. Ойролцоогоор 1300 орчим цэрэг 300 гаруй зэвсэг техниктэй сургуулилалт хийж байна гэх мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээс авсан. Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг цухас дурдаад өнгөрсөн.

Мөн Монгол Улсад хууль биелүүлэх асуудал үгүйлэгдэж байна. Нэг намын дотоод асуудалд оролцох зэрэг асуудал ихээр гарч байна. Ардчилсан намын зарим хүн МАН-тай нийлж бүлэг тараах асуудлаар хуулийн төсөл хүртэл өргөн барьсан. Дэлхийн хаана ч байдаггүй зүйлийг манай улсад хийж гэж оролдож байна. Уг асуудлыг зохих хуулийн дагуу шийднэ. Ардчилсан намын бүлэг бол Ардчилсан намын бүлэг байх ёстой болохоос биш МАН-ын хоёр дахь бүлэг эсхүл гаднын улс орны үүрэг, даалгаврыг биелүүлдэг нэг, хоёр хүний бүлэг биш" гэлээ.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна